Чөлөөт бөх: “BAIKAL OPEN” тэмцээнийг ард түмний шаардлагаар цуцаллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 03

Энэ сарын 5-7-нд Улаан-Үд хотод Буриадын тэргүүний нэрэмжит чөлөөт бөхийн 25 дахь удаагийн олон улсын “BAIKAL OPEN” тэмцээн явагдах байлаа. 16 орны 250 шилдэг тамирчид өрсөлдөх ёстой байв. Манай тамирчид ч тус тэмцээнд байнга оролцдог билээ.

Гэвч тус тэмцээнийг эхлэхээс нь хоёр хоногийн өмнө цуцлахаас өөр аргагүй болсон байна. Буриадын Спортын яамнаас “Коронавирусийн халдварын аюулын улмаас тэмцээнийг цуцаллаа” гэж зарласан ч үнэндээ Улаан-Үд хотын иргэдийн шаардлагаар ийм шийдвэр гаргасан юм.

Өнгөрсөн долоо хоногоос эхлэн цахим сүлжээгээр “BAIKAL OPEN” тэмцээнийг зогсоохыг шаардаж эхэлсэн. “Аноним” хэмээх группт нэгэн хүн “Би Буриад эх орныхоо спорт, урлагийн том үйл явдлуудыг баяртайгаар хүлээн авдаг. Гэхдээ одоо миний энэ эх оронч үзэл айдас хүйдсийг минь дийлж чадахгүй байна. Нэг үгээр хэлэхэд энэ тэмцээнийг зохион байгуулах нь маш олон хүний эрүүл мэнд, амь насыг ямар ч утгагүй эрсдэлд оруулж байгаа хэрэг. Хүндэт Алексей Самбуевич, ард түмний чинь эрүүл мэнд таны нэрэмжит шагнал, тэмцээнээс илүү үнэтэй биз дээ” гэж бичсэн байлаа.

Мөн нэгэн эмэгтэй “Италид Багт наадмаа, Монголд Цагаан сараа тэмдэглэхгүй болж, Хятад орон тэр чигтээ гашуудалд умбаад байна. Харин буриадууд бид л юунаас ч айдаггүй улсууд. Би хүүхдүүддээ санаа зовж, ямар нэг муу совин татаад байх юм. Энэ тэмцээнийг цуцлахыг шаардаж байна. Бидний амьдралыг эрсдэлд бүү оруул” гэжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top