Кубын бөх Олимпод орохын тулд сонгомлоос чөлөөтөд шилжжээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 04

Өнгөрсөн жилийн сонгомол барилдааны ДАШТ-ий мөнгөн медальт, Зубын хүнд жингийн бөх Оскар Пино чөлөөт бөхийн төрөлд шилжжээ.

Пино энэ сарын 6-9-нд Канадын Оттавад явагдах чөлөөт бөхийн Панамерикийн АШТ-д оролцоно. Үүнээс долоохон хоногийн дараа Панамерикийн олимпын эрх олгох тэмцээн мөн Оттавад явагдах юм. Хэрэв Пино олимпын эрх авч чадах юм бол 2015 онд сонгомол, чөлөөт хоёр төрлөөр олимпын эрх авч байсан Билял Маховын амжилтыг давтах юм.

Гэхдээ Махов аль төрлөөр нь олимпод орохоо өөрөө сонгож байсан бол Пинод тийм боломж байхгүй. Учир нь 2019 оны ДАШТ-ий мөнгөн медалиар авсан олимпын эрхийг нь олимпын гурван удаагийн аварга Михайн Лопес эзэмших нь тодорхой байгаа.

Оскар Пино Токиогийн олимпод оролцохын тулд чөлөөт бөхөд шилжихээс өөр аргагүй болсноо ойлгосон тул өнгөрсөн улирлаас чөлөөт бөхийн тэмцээнд орж эхэлсэн. Панамерикийн аваргаар мөнгө, Тивийн АШТ-д хүрэл медаль зүүсэн. Хоёуланд нь АНУ-ын  Ник Гваздовскийд ялагдсан билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top