АНУ-ын холимог тулааны UFC холбоо энэ зун Казахстанд тэмцээн зохион байгуулах гэж байна. Нур-Султан хотын “Астана Арена” цогцолборт явагдах тус тэмцээн зургаадугаар сарын 21-нд болох бөгөөд Казахстаны шилдэг тулаанчид хүч сорих юм.
UFC холбоо хуучин ЗХУ-ын гишүүн байсан орнуудын зах зээлд гарахаар ихэд хичээж байгаа. Гэхдээ Украин, Беларусь улсууд яригдаж байсан ч Төв Азийн Казахстаныг америкчууд сонгожээ. Яагаад?
Коронавирусний улмаас Хятад болон ойролцоох улс орнуудад тэмцээн зохион байгуулах аргагүй болсон. Тиймээс Казахстанд яаралтай анхаарлаа хандуулж эхэлжээ. Мөн Нур-Султан хот дэд бүтэц сайтай тул асуудал гарахгүй. Дээр нь сайн тулаанч ихтэй, ACA, М-1, Fight Nights-ийн тэмцээнүүд Казахстанд болоход ордон битүү дүүрдэг тул үзэгчдэд санаа зовох зүйл үгүй. Мөн Украин, Беларусыг бодвол тулаанч олон.
UFC холбооны тэмцээнд хэн оролцох магадлалтай вэ?
Шавкат Рахмонов (12 ялалт, 0 ялагдал). М-1 лигийн аварга асан Шавкат Москвад болсон UFC-ийн тэмцээнд орох ёстой байсан боловч гэмтсэн. Тэрбээр энэ сарын 21-нд Лондонд болох “UFC Fight Night 171” тэмцээнд Польшийн Бартош Фабинскитэй тулалдана. Энэ тулаанд том гэмтэл авчихгүй бол Шавкат Казахстанд болох тэмцээнд гарах нь гарцаагүй. 12 ялалтынхаа тавыг хүнд цохилт, долоог нь өчиж, боож ялсан тамирчин.
Жалгас Жумагулов (13 - 3). Fight Nights холбооны хөнгөн жингийн аварга. Одоогийн байдлаар Казахстаны хамгийн алдартай тулаанч. Тэр саяхан UFC холбоотой гэрээ байгуулсан.
Арман Оспанов (9 - 3). ACA лигийн тамирчин. Энэ сарын 6-нд Алматыд ОХУ-ын Расул Мирзаевтай тулалдана. Сүүлийн дөрвөн тулааныхаа гуравт нь ялагдсан ч үргэлж сонирхолтой, дайчин тоглодог тулаанч.
Сергей Морозов (16 - 4). Морозов М-1-ийн аварга. UFC холбоотой гэрээ байгуулах нь цаг хугацааны асуудал гэгдэж байгаа. М-1 лиг аваргуудаа UFC холбоонд тулалдуулах гэрээтэй.
Дамир Исмагулов (19 - 1). UFC холбоонд гурав тулалдаж, гурав ялсан. М-1 лигийн аварга асан. Орос иргэншилтэй ч казах залуу. Түүний дэмжигчид Казахстанд маш олон тул Нур-Султанд тулалдах нь бараг ойлгомжтой.
Сэтгэгдэл ( 0 )