Катар-2022: Монгол, Японы тоглолт хойшлогдлоо

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас улс орнууд спортын тэмцээн уралдааныг хориглож байгаа билээ. Ялангуяа халдварын голомт болсон Ази тивд хөлбөмбөгийн маш олон тоглолт цуцлагдаад байгаа.

Олон улсын хөлбөмбөгийн холбооноос энэ сарын 5-нд Швейцарын Цюрих хотод Азийн хөлбөмбөгийн холбоотой зөвлөгөө хийж, энэ асуудлыг хэлэлцлээ.

Талууд энэ сарын сүүлээр болох байсан “Катар 2022” дэлхийн аваргын тэмцээний урьдчилсан тоглолтуудыг хойшлуулахаар санал нэгдлээ. Хэзээ зохион байгуулах товыг энэ сарын 7-8-нд болох Азийн хөлбөмбөгийн холбоо, Баруун Азийн бүсийн улсуудын холбоодтой зөвлөлдсөний эцэст шийдэж, зарлах юм. Энэ сарын 2-нд болсон Зүүн Азийн орнуудын холбоодтой хийсэн хуралдаанаар тоглолтыг хойшлуулахыг эсэргүүцсэн холбоо гараагүй билээ.

Энэ сарын 31-нд Улаанбаатарт болох байсан Монгол, Японы шигшээ багийн тоглолтыг 6 юм уу, 9 дүгээр сард зохион байгуулах шийдвэр гарах шинжтэй байгаа талаар Японы хөлбөмбөгийн холбооноос мэдээлжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top