Хэний ч мэдэхгүй Италийн шигшээ баг...

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

А.Тамир

Италид цэргийн албыг бүх эрэгтэйчүүд хаах хуультай байхад хөлбөмбөгчид нь бас цэрэгт явдаг байж. Хэдийгээр дэлхийн хэмжээний од байсан ч цэрэгт явдаг байж.

Роберто Манчини болон Паоло Мальдини нар 1988 онд “Болонья” болон “Милан” клубуудын мэргэжлийн тоглогчид байхдаа армид ирж байсан байна. Тухайн үед дэлхийн хэмжээний од байсан болохоор байнга сэтгүүлчид болон фото зурагчдын дунд л албаа хааж байжээ. Тэд цэргийн албанд байхдаа нэлээд эрх ямбатай байсан бөгөөд тэд нараас ганцхан зүйлийг л шаарддаг байсан байна. Тэр нь юу вэ гэхээр Италийн армийн шигшээ багт орж тоглох байсан гэнэ.

Италийн армийн шигшээ баг нь үндэсний шигшээ багаа бодвол хамаагүй илүү амжилт үзүүлж байсан байна. Тэд нийтдээ 15 медаль хүртэж байсан бөгөөд 8 алт, 4 мөнгө, 3 хүрэл медаль хүртэж байж. Гэхдээ 1997 оноос хойш нэг ч медаль хүртэж байгаагүй юм. Учир нь тухайн оноос хойш мэргэжлийн тамирчид цэргийн алба заавал хааж байх хуулийг хүчингүй болгосон юм байна.

1987 онд Италийн армийн шигшээ баг дэлхийн аваргын финалд Германы шигшээ багтай тоглосон бөгөөд Чиро Феррара, Жанлука Виалли нар тоглож байсан бөгөөд Виалли хожлын гоол хийж байсан байна. Германы армийн шигшээ багт ч тэр үед Бодо Иллгнер, Оливер Бирхофф нар тоглож байсан байдаг.

Италийн армийн шигшээ баг тухайн үедээ л хэнд ч дийлдэхгүй баг гэдгээрээ алдартай байж, харин 1995 онд Никола Амарузо (Ювентус клубт тоглож Италийн 3 удаагийн аварга, Сери А-д нийт 111 гоол хийчихсэн), Франческо Флакки (Сампдори клубт тоглодог Сери А-д 40 гоол хийсэн), Европын дэд аварга болсон Стефано Фьоре, Марко Дельвеккио, Фабио Каннаваро, Алессандро дель Пьеро нарын хүчирхэг бүрэлдэхүүнтэй баг хамгийн гол фаворит багаар тооцогдож байсан бөгөөд тэд Нидерланд, Ливи, Сенегалын шигшээ багуудыг нийт 15:2 харьцаатай хожиж, хэсгээсээ төвөггүй шалгарсан юм. Ингээд шөвгийн 8-ын тоглолтыг Киприйн шигшээ багийн эсрэг хийлээ. Дель Пьерогийн гоолын хариуд бяцхан арлынхан 2 гоол хийж сенсаци тарьсан юм.

Хамгийн сонин нь Италийн шигшээ баг энэ тоглолтыг 7 хүнтэй дуусгасан байдаг. Тэр тоглолтод Дель Пьеро, Каннаваро, Дельвеккио болон Пьованелли нар улаан хуудсаар торгуулсан байдаг юм. Тоглолтын дараа Италийн шигшээ багийн хэсэг тоглогчид шүүгч рүү дайрсан бөгөөд Флаки, Аморузо болон Фьоре нарыг дахин ФИФА-гийн тэмцээнд орох эрхийг хассан түүхтэй юм. Энэ тоглолтын тухай Дель Пьеро болон Каннаваро нар хэзээ ч дурсаж байгаагүй гэдэг. Гэхдээ энэ 2 маань 11 жилийн дараа Берлин хотод жинхэнэ том дэлхийн аваргын цомыг өргөж байсан түүхтэй.

Одоо 21-р зуунд Армийн дэлхийн аваргад Хойд Африк болон Ойрх Дорнодын орны армийн шигшээ багууд илүү амжилт үзүүлээд байгаа. 2001 оноос хойш Египетийн шигшээ баг 3 удаа, Алжирийн шигшээ баг 2 удаа, Ирак, Оманы шигшээ багууд тус тус 1 удаа түрүүлж байжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top