Чөлөөт бөх: Африкийн олимпын эрхийн тэмцээн цуцлагдлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 06

Хятадад гарсан коронавирусний халдвар дэлхий дахинд тарсны улмаас спортын олон уралдаан тэмцээн цуцлагдаад байгаа билээ. Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос гуравдугаар сарын 27-29-нд Хятадын Сианд болох байсан Ази тивийн олимпын эрхийн эрэгтэй, эмэгтэй чөлөөт бөх, сонгомол барилдааны тэмцээнийг цуцалсан.  Олимпын эрхийн тус тэмцээнийг зохион байгуулахаар Киргиз улс санал гаргасан ч коронавирусний халдварын аюул улам бүр нэмэгдэж байгаа тул тэмцээнийг зохион байгуулахаас татгалзсан.

Тэгвэл энэ удаад чөлөөт бөхийн Африк, Далайн орнуудын олимпын эрхийн тэмцээнийг зохион байгуулахаас Марокко улс татгалзлаа. Тус тэмцээн Мароккод энэ сарын 13-15-нд явагдах ёстой байлаа. Мароккод коронавирусний халдварын анхны тохиолдол өнгөрсөн Даваа гарагт гарснаас хойш Засгийн газраас нь жүдо бөхийн Гран При тэмцээнийг мөн цуцалсан билээ.

Ази, болон Африк, Далайн орнуудын олимпын эрхийн тэмцээний хуваарь, болох газрыг Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос дараа мэдэгдэх гэнэ. Холбооны тэргүүн Ненад Лалович тэмцээнийг хүлээн авах улсыг хурдан олох болно гэж сэтгүүлчдэд мэдэгдсэн байна.

Тив тус бүрийн олимпын эрхийн тэмцээн:

Африк, Далайн орнууд: ?

Ази: ?

Хойд, Өмнөд Америк: 3-р сарын 13-15, Оттава, Канад.

Европ: 3-р сарын 19-22, Будапешт, Унгар.

Олимпын эрхийн дэлхийн тэмцээн:

Жин тус бүрийн хоёр шилдэг бөх эрх авна. 04.30-05.03, Софи, Болгар.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top