Өнөөдөр өглөө АНУ-ын Невада мужийн Парадайс хотын "T-Mobile Arena"-д холимог тулааны UFC 248 тэмцээн явагдлаа. Тэмцээнд аваргын бүсийн төлөө хоёр тулаан явагдсаны нэг нь эмэгтэйчүүдийн хөнгөн жинд Хятадын Вэйли Чжан Польшийн Йоанна Енжейчик (#4 чансаа) нарын тулаан байлаа. Чжаны хувьд бүс хамгаалах анхны тулаан нь.
Хоёр бүсгүй эхний үеэс л маш хурдтай тоглож эхэлсэн тул таван үе тулалдаж чадах болов уу гэж эргэлзэх хүн олон байлаа. Гэвч тэд энэ эрч хүчээрээ бүтэн таван үе “зодолдож” чадсан.
Эхний хоёр үед польш тулаанчийн цохилтууд арай илүү оновчтой болж байсан ч гуравдугаар үед Чжаны хүчтэй цохилт Йоаннагийн духанд туслаа. Хэдхэн секундийн дотор польш тулаанчийн дух асар том хавдаж, тулалдахад нь тун тээртэй байгаа нь харагдаж байлаа. Гэвч Йонна цаг дуустал тулалдсан, хэд хэдэн хүчтэй цохилтоор аваргыг унагаах шахсан билээ.
Шүүгч нар ялалтыг Чжанд өгч, тэрбээр аваргын бүсээ амжилттай хамгаалж чадсан. Чжан 21 ялалт, 1 ялагдалтай болсон бол Енжейчик 18 ялж, дөрөв дэх удаагаа ялагдлаа.
Сэтгэгдэл ( 0 )