ҮЗЭГЧГҮЙ БАШЁ: Сүмо бөхийн холбооны мэндчилгээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 09

Өчигдөр /2020.03.08/ Осака хотод мэргэжлийн сүмо бөхийн Хаврын тэмцээн эхэллээ. Шинэ төрлийн коронавирусний халдварын аюулаас сэргийлэн, үзэгчгүй тэмцээн болж байгаагаараа онцлогтой.
 


Үүнд:

Хаврын тэмцээний үеэр бөх, засуул, ояката нараас халдварын сэжиг илэрвэл тэмцээнийг шууд зогсооно.

Бөхчүүдийг нийтийн унаагаар ордонд очихыг хориглож, тусгай автобус гаргана. Таксигаар зорчих бол дэвжээнээс мөнгө гаргана.

Сүмочдын биеийн халууныг өдөр бүр хэмжиж үзнэ. Хоёр өдөр дараалан 37.5-аас дээш халуурсан бөх тэмцээнээс шууд гарна. Сэтгүүлчдийн халууныг мөн адил хэмжинэ.
 


Чикарамизү буюу хүч чадлын ус хэмээх бөхчүүд барилдахын өмнө амсдаг усанд ам хүрэхгүй байхыг анхааруулсан.

Сэтгүүлчид дэвжээн дээр очиж, сурвалжилга, ярилцлага хийж болохгүй. Мөн хувцас солих өрөөнд оруулахгүй. Хэвлэлийн бүс байгуулах тул сэтгүүлчид зайнаас асуулт тавьж болно.

Түрүү бөхийн машинтай жагсаалыг хийхгүй.

Шагнал гардуулах ёслолыг богино хугацаанд шуурхай хийнэ. Түрүү бөхийн туг, Эзэн хааны цом, Ерөнхий сайдын цом л гардуулна.
 


Хаврын тэмцээний эхний өдөр холбооны тэргүүн Хаккакү ояката “Шинэ төрлийн коронавирусний халдварын тархалтын улмаас Японы сүмо бөхийн холбооноос бөх сонирхогчдын эрүүл мэндийг хамгаалах үүднээс Хаврын тэмцээнийг үзэгчгүй явуулахаар шийдлээ. Тэмцээн үзэхээр бэлтгэж, хүлээж байсан та бүхэнд төвөг учруулсан ч бидний шийдвэрийг ойлгон хүлээж авна гэж найдаж байна.

Коронавирусний халдвар авсан хүмүүсийг хурдан эдгэрэхийг хүсэн ерөөж байна. Үзэгчгүй ордонд барилдахад бөхчүүдэд сэтгэл зүй хэцүү гэдэг нь мэдээж. Гэвч бөхчүүд Япон орны өнцөг булан бүрд дэмжиж байгаа хүмүүс, телевизээр үзэн суугаа бөхийн хорхойтнуудын итгэл, найдварыг хариулахаар бүх хүч чадлаа дайчлан барилдах болно.

Эрт дээр үеэс сүмочдын хөл дэвслэх ёслол муу муухай бүхнийг газар дор дарах чадалтай гэж яригдаж ирсэн. Ёкозүнагийн дохёнд гарах ёслол даян дэлхийд энх тайван, амар амгалан байдлыг тогтоох агуулгатай. Мөн сүмочдын бие бялдар эрүүл энхийн бэлгэ тэмдэг болж ирсэн уламжлалтай. Токоя үс засаж, Ёбидаши бөхчүүдийг дуудан, бөхчүүд ёслолоо хийнэ. Энэ бүх ёслол хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөхийн зэрэгцээ муу муухай зүйлийг арилгадаг гэж ард түмэн ярьж, итгэж ирсэн билээ.

Сүмо бөхийн энэ хүч чадал, Япон төдийгүй дэлхийн ард иргэдэд эр зориг хайрлан, өвчин арилахын төлөө манай холбооны бүх гишүүд 15 хоног хичээн зүтгэх болно. Хаврын тэмцээний сүүлийн өдөр хүртэл бидэнтэй хамт байгаарай” гэж мэндчилгээ дэвшүүллээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top