Казахстаны UFC холбооны анхны эмэгтэй тулаанч М.Агипова

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 13

АНУ-ын холимог тулааны UFC холбоо энэ оны зургаадугаар сарын 21-нд Казахстанд тэмцээн зохион байгуулна. Тус холбооноос шилдэг тулаанч олонтой Казахстан улсыг ихэд сонирхож байгаа. Үзэгчид нь ч холимог тулааныг тун сайн ойлгодог энэ орны тамирчид UFC-д цахиур хагалах цаг ойрхон байна.

Өнгөрсөн сард UFC холбоо Казахстаны шилдэг тулаанч Шавкат Рахмонов (12-0-0), Жалгас Жумагулов (13-3-0) нартай гэрээ байгуулсан. Энэ удаад эмэгтэй тулаанч Мария Агаповаг (8-1) эгнээндээ нэгтгэлээ.  

Sports.kz сайтын сурвалжлагч түүнтэй уулзан ярилцжээ.

-Мария, UFC холбоотой гэрээ байгуулах боломж хэзээ гарсан бэ?

-Өнгөрсөн жилийн зун “Dana White’s Contender Series”-д намайг дуудах үед анх боломж гарсан. Тэр үед надад туршлага, бэлтгэлийн нөхцөл дутуу, дээр нь цагийн зөрөө, цаг агаарт дасан зохицох гээд олон асуудал гарснаас хоёр оноогоор ялагдсан. Дараа нь надад “Invicta FC”-д хоёр тулаан ялбал UFC-тэй гэрээ байгуулж болно гэж хэлсэн. Хоёр ялчихлаа, гэвч ямар ч сураг байдаггүй. Гэхдээ манай менежер Алекс Дэвис, Алексей Жернаков, Александр Ромашов нар ажилласаар гэрээ байгуулж чадлаа.

-Гэрээгээ хэр удаан хугацаанд байгуулав?

-Маш удаан. Invicta FC-д би хоёр дахь ялалтаа өнгөрсөн 10 дугаар сард байгуулсан. Харин гэрээ гуравдугаар сар хүртэл үргэлжиллээ.

-Гэрээ байгуулахад хамгийн хэцүү нь юу байв?

-Хамгийн хэцүү нь бүх тулаанч UFC-д орохыг хүсдэгт байлаа. Өрсөлдөөн маш их. Гэхдээ манай баг, менежерүүд маань гэрээ байгуулж чадсан.

-Хэдэн тулааны гэрээ байгуулав?

-Үнэнийг хэлэхэд би мэдэхгүй.

-Дэлхийн хамгийн шилдэг холбоотой гэрээ байгуулсан сэтгэгдэл ямар байна?

-Амьдралын мөрөөдөл биелж байгаа болохоор их баяртай байна. Миний өмнө том боломж гарч ирлээ. Ашиглах л үлдлээ. Хичээнэ дээ.

-Казахстаны анхны UFC эмэгтэй тулаанч гэхээр сайхан байна уу?

-Маш сайхан байна. Энэ өргөн уудам орны анхных нь би шүү дээ.

-Одоо та холимог тулаанд ямар багийг төлөөлж байна вэ?

-Би хуучин багаасаа гарч, ATT (American Top Team) багт албан ёсоор нэгдсэн.

-Бэлтгэлээ хаана хийж байна?

-Америкийн Флоридад ATT багийн танхимд хийдэг. Энд маш олон аваргууд бэлтгэл хийдэг.

-Таны анхны тулаан хэзээ болох бол?

-Энэ зун болно.

-Казахстанд болох UFC холбооны тэмцээнд та тулалдах уу?

-Тийм боломж бий.

-UFC холбоонд таны жинд ямар өрсөлдөгч нар байна вэ?

-Сайн өрсөлдөгч олон байгаа. Жиллиан Робертсон, Варгиан Каринеги, Милана Дудиева, Лика Жожуа, Диана Авсарагова нар миний жинд бий. Би энд ирэх гэж хүнд зам туулсан. Хоолны дэглэмээ өөрчилж, тусгай багштай боллоо, бэлтгэлийн хөтөлбөрөө өөрчилж, мэргэжлийн дасгалжуулагч нартай ажилладаг болсон. Энэ дасгалжуулагч нар Йоанна Енжейчик, Дастин Порье, Хорхе Масвидаль нарыг бэлтгэдэг хүмүүс. Тэдний ачаар би өмнөхөөсөө хамаагүй илүү болсон. Өөрийгөө UFC-д орох эрхтэй гэж бодож байна.

-Таны зорилго?

-Хамгийн гол нь өөрийн бүх хүч чадал, ур чадвараа гаргах. Аваргын бүс авч чадвал энэ ч бас миний зорилго. Ер нь бүх боломжоо ашиглах нь миний зорилго.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Zochin(103.212.118.58) 2020 оны 03 сарын 13

77665

0  |  0
Top