Залилах гэмт хэргийг байнга үйлддэг иргэдийг шүүхээр шийтгэлээ

Б.Гантуяа | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14

Баянзүрх дүүргийн прокурорын газраас 2020 оны эхний 2 сард удааширсан, ээдрээ төвөгтэй, олон яллагдагчтай болон олон үйлдэлтэй, бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн гэмт хэргүүдийг шуурхай шийдвэрлэх талаар анхаарч, зохион байгуулалтын арга хэмжээ авч ажиллажээ. 

Үүний үр дүнд 52 хүнд холбогдох 23 хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлжээ. Үүнд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгон 119 иргэнийг 232 удаагийн үйлдлээр залилж их хэмжээний хохирол учруулсан 6 хэрэг, 286 иргэний орон байранд нэвтэрч, эд хөрөнгө хулгайлсан 7 хэрэг, хүнийг онц харгис хэргийгээр, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж буюу хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар алсан, мөн хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн тус тус 3 хэрэг, гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай, эрхшээлдээ байгаа хүнийг байнга хүчирхийлэн, доромжилж, тамлан зовоон, айлган сүрдүүлсний улмаас амиа хорлоход хүргэсэн болон хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хүүхдийн амь насыг хохироосон гэмт хэргүүдийг шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Тухайлбал, 2017 оноос 2019 оны хугацаанд Япон улсын хөнгөлөлттэй зээлд хамруулна, Хотын захиргаанаас ядуу өрхөд болон өрх толгойлсон эмэгтэйчүүдэд олгох орон сууцанд хамруулж өгнө, банкнаас зээл гаргуулж өгнө, барилга барих газар олж өгнө гэх зэргээр 107 иргэнийг залилсан хэрэг гарсныг тус дүүргийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүлсэн байна. 

Мөн 2019 онд садар самуун агуулга бүхий бичлэг зарна, дүрстэй дуудлага хийнэ гэж 32 иргэнийг залилсан, 2016-2017 онд согтууруулах ундааны зүйл худалдсан тул хуулийн дагуу арга хэмжээ тооцно, торгоно гэж 14 удаагийн үйлдлээр дэлгүүрийн түрээслэгч нарыг бүлэглэн залилсан, 2018-2019 онд БНСУ-ын виз гаргана, 2016-2018 онд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын харъяа 461 дүгээр ангид ажилд оруулж өгнө, шүүхийн шийдвэрээр хураагдсан байрыг авч өгнө гэж 24 удаагийн үйлдэлээр иргэдийг залилсан зэрэг томоохон хэргүүд байсныг шүүхээр шийдвэрлүүлээ хэмээн Улсын ерөнхий прокурорын газраас мэдээллээ.

Top