Дарья Белодед: Олимпын дараа жин өгсөж магадгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 14


Украины Үндэсний олимпийн хорооноос энэ долоо хоногт 2019 оны шилдэг тамирчин, дасгалжуулагчдаа шалгарууллаа.

Шилдэг эмэгтэй тамирчнаар жүдо бөхийн дэлхийн аварга Дарья Белодед, шилдэг эрэгтэй тамирчнаар сонгомол барилдааны дэлхийн аварга  Жан Беленюк, шилдэг дасгалжуулагчаар Белодедийн дасгалжуулагч  Светлана Кузнецова,  Геннадий Белодед нар тодорчээ.
 


“Трибуна” сэтгүүлийн сурвалжлагч Владислав Дунаенко Дарья Белодедтэй уулзаж, ярилцлага авчээ. Тун сонирхолтой энэ ярилцлагыг орчуулан хүргэж байна.

25 НАС ХҮРТЛЭЭ БАРИЛДАНА

-Дарья, Токиогийн олимпын эрхээ авчихсан уу?

-Одоо би олимпын чансааны нэгт бичигдэж байгаа. Олимпын эрх зүгээр авах биш чансааны эхний наймд орох нь чухал. Тэгвэл сугалаан дээр давуу эрх эдлэх юм. Тийм болохоор энэ байраа хадгалах, хэрэгцээ гарвал нэмж оноо авах хэрэгтэй.

-Чи Украины хот, улсын аваргаар барилддаг уу? Эсвэл дотоодод барилдах хэрэг байхгүй болсон уу?

-Хоёр жил дотоодын тэмцээнд оролцоогүй. Үнэнийг хэлэхэд би насанд хүрэгчдийн улсын аваргын тэмцээнд нэг ч удаа барилдаж үзээгүй. Энэ түвшнийг алгасаад явчихсан гэж хэлж болох юм. 2017 онд анхныхаа насанд хүрэгчдийн тэмцээнд орохдоо би 16 настай байлаа. Дараагийн насанд хүрэгчдийн тэмцээн минь Европын АШТ байсан.

-Чиний жинд улсын аварга болсон бүсгүй Европын АШТ, дэлхийн аваргад оролцох гэвэл яах вэ? Хоёулаа хамт явах уу? Яаж шийддэг вэ?

-Украинд миний жинд Марина Черняк барилддаг. 31 настай, ахмад тамирчин. Гэхдээ Марина тивийн аваргын медальтай, Гран При тэмцээнд ч медаль авахаар жүдоч. Өөр тамирчин Украины аварга боллоо гэхэд тэднийг эхлээд зэрэглэл бага Европын цомын тэмцээнд оруулдаг. Франц, Японд ижил түвшний таван бөх өрсөлддөг бол манай Украинд тийм өрсөлдөөн байхгүй.
 


-Чи идэрчүүд, залуучуудын тэмцээнд орж байгаа хэвээр үү? Эсвэл зөвхөн насанд хүрэгчдэд ордог болсон уу?

-Одоо зөвхөн насанд хүрэгчдийн тэмцээнд орж байгаа. Ийм тэмцээнд л чансааны оноо авдаг. Идэрчүүдийн ДАШТ чансааны оноогоор Гран Притэй ижил. Мөн олимпын чансааны оноо өгдөг. 2018 онд би насанд хүрэгчдийн дэлхийн аварга болоод сарын дараа идэрчүүдийн дэлхийн аварга болж байлаа. Харин 2019 онд идэрчүүдийн ДАШТ-д оролгүй, илүү оноотой Их Дуулга тэмцээнийг сонгосон. 2020 он бол миний идэрчүүдийн тэмцээнд орж болох сүүлийн жил.

-Чи хэдэн нас хүртлээ жүдо барилдах бодолтой байна вэ?

-Их удаан барилдаад байхыг хүсэхгүй байгаа, эрүүл мэндэд муу. Спортоос өөр ямар нэг зүйл хийж, амьдралаа өөрчлөх хэрэгтэй. 25 нас хүртлээ барилдах бодолтой.
 


ЗОДОГ ТАЙЛААД МОДЕЛЬ БОЛБОЛ СОНИРХОЛТОЙ
 

-Чи ялагчийн сэтгэл зүйтэй, мөнгөн медаль бол миний хувьд медаль биш гэж олон удаа ярьсан. Амьдрал дээр ч ийм зарчимтай юу?

-Тиймээ, энэ зарчим жүдогоос өдөр тутмын амьдралд минь шилжсэн. Сургууль дээр ч гэсэн адилхан. Хүүхдүүд муу дүн авчхаад сүртэй зүйл алга, аав ээжид загнуулаад л болоо гэдэг. Харин би энэ талдаа их хариуцлагатай. Онц дүн автлаа хичээлээ хийдэг. Есдүгээр ангид байхад бүх сурагчийн дундаж оноог гаргадаг байлаа. Би тэнд ч хэнээс ч хоцролгүй, нэгт бичигдэхийг хүсдэг байсан.

-Нийгэм, олон нийтийн санал бодол таны хувьд хэр чухал вэ?

-Сүүлийн үед дэлгүүр, бензин түгээгүүрийн газарт хүмүүс намайг таньдаг болоод байгаа. Манай улсад тамирчдыг таньж, мэдэж байгаа нь сайхан хэрэг. Надад сайхан байдаг.   

-Хүмүүс танихад чиний гадна төрх нөлөөлдөг болов уу?

-Гадна төрх, өөрийн гэсэн дүр, харизм бол алдар хүндэд чухал зүйл. Хүн зөвхөн гадаад үзэмжээр чинь үнэлж байсан ч үнэлэгдэнэ гэдэг таатай хэрэг шүү дээ.

-Чи тун стиль сайтай хувцаслах юм. Мэргэжилтний зөвлөгөө авдаг уу, эсвэл өөрөө шийддэг үү?

-Ээжтэйгээ зөвлөөд л шийддэг. Ямар ч мэргэжлийн хүн хэрэггүй. Мэдээж эрэгтэй хүний бодол саналыг сонсох хэрэгтэй тул ааваасаа асууна.

-Чиний олон нийтийн сүлжээнд гоёлын даашинз, бэлтгэлийн хувцастай олон зураг байдаг. Зөвхөн аль нэг стилийг нь сонго гэвэл алийг нь сонгох вэ?

-Олон төрлөөр хувцаслах дуртай болохоор хэцүү асуулт байна. Гоёлын сайхан хувцас өмсөх боломж цөөхөн гардаг. Амьдралаа бодоод үзэхэд спорт стиль нь дээр юм байна. Спорт хувцастай бэлтгэлд явах, онгоцонд суухад ч эвтэйхэн.
 


-Ямар брэндийн хувцсанд дуртай вэ?

-Ганцыг сонгож чадахгүй юм байна. Hugo Boss, Tommy Hilfiger, Guess, Michael Kors таалагддаг.

-Аав чинь чамайг зураг авхуулахад их дургүй басан. Одоо бодол нь өөрчлөгдсөн үү?

-Мэдээж өөрчлөгдсөн. Аав намайг модель болоход дургүй байлаа. Харин одоо би зөвхөн спорттой холбоотой зураг л авхуулдаг. Би өөрийн  нэрийн имижийг бүрдүүлж, сурталчилж байгаа тул аав зөвшөөрдөг.

-Шивээс хийлгэхийг хүсэж байна уу?

-Спорттой холбоотой шивээс хийлгэхийг хүсдэг. Олон тамирчин мөрөөдлөө биелүүлээд дурсгал болгон шивээс хийлгэдэг.

-Чамайг дэлхийн аварга болсны дараа олон хүн инстаграм хуудсыг чинь дагадаг болсон.

-Олон нийтийн сүлжээнд идэвхтэй байх дуртай. Би өөрөө инстаграмаа хөтөлдөг. Спорт, өдөр тутмын амьдралын зургаа тавих дуртай.

-Цахим сүлжээнд чиний нэрийг  Белодед, Билодид гэж бичдэг гээд маргаан их гардаг.

-Орос хэлээр Белодед гэж бичих нь зөв.

-Чамайг гадуур бэлтгэл хийн, гүйж байхыг олон харсан. Хүмүүс таньдаг уу?

-Гүйж байхад хүмүүс таниад байдаггүй. Харин турник дээр дасгал хийж байхад хүмүүс ирж, баяр хүргэдэг.

-Хамт зураг авхуулъя гэдэг үг олон сонссон биз дээ?

-Би хүн ихтэй газар очихгүй байхыг боддог, ер нь гадуур нэг их яваад байдаггүй. Мэдээж хүссэн хүнтэй зургаа авхуулна.

-Ямар тохиолдолд зураг авхуулахаас татгалзах вэ?

-Тэмцээний үеэр л татгалздаг. Цэнгэлдэхэд барилдах гэж ирж байгаа шүү дээ. Баахан хүүхдүүд гүйлдээд ирнэ, тэдэнд одоо барилдаанд бэлтгэх хэрэгтэй байна, тэмцээний дараа ирээрэй гэж хэлдэг. Өнгөрсөн жил Тбилисид болсон тэмцээнд мөнгөн медаль авсан минь том туршлага болж өгсөн. Барилдааны өмнө хүссэн хүн болгонтой зураг авхуулаад сэтгэл санаа төвлөрч чадалгүй барилдсан юм. Зураг авхуулах нь сэтгэл үймүүлэхээс гадна эрч хүч авч орхидог.

-Одоо чиний зүрх сэтгэл чөлөөтэй байгаа юу? Инстаграм дээр чинь сэтгэлийн үг их байдаг уу?

-Энэ бол хувийн асуудал. Гэхдээ залуучууд сэтгэлээ илчилсэн захиа, зурвас бичээд л байдаг.

-Ямар хүнд хариу захиа бичдэг вэ?

-Аав ээж, болон бяцхан хүүхдүүдийн захианд заавал хариу өгдөг. Хүүхдүүд надад фэн болсноо, баярлаж талархсанаа бичдэг. Би ч гэсэн жаахан байхдаа шүтдэг тамирчиндаа захидал бичээд хариу ирэхээр нь аз жаргалтай, баярлан үсэрдэг байлаа. Тийм болохоор тэдний сэтгэлийг сайн ойлгодог.

-Чиний бодлоор Украины хамгийн царайлаг эрэгтэй тамирчин хэн бэ?

-Гимнастикийн Олег Верняев, сонгомол барилдааны Жан Беленюк хоёрыг нэрлэнэ. Би тэдний гадна төрх төдийгүй хүн чанарыг нь ч сайн мэднэ.

-Тамирчин биш алдартнаас хэнтэй танил вэ?

-Телевизийн хэд хэдэн хөтлөгчтэй танил. Гэхдээ танил гэхэд бас хэцүү. Мэндлээд хэдэн үг солих төдий. Би янз бүрийн арга хэмжээнд оролцоод байдаггүй. Тэмцээнээс өөр зүйлд анхаарахыг хүсдэггүй. Янз бүрийн вирусний халдвар авчихгүйн тулд олон хүн цугласан газар очдоггүй. Би өвдөж болохгүй. Тийм болохоор гэр, бэлтгэл гээд л, дэлгүүр ч ордоггүй.

-Чиний инстаграм дээр зар сурталчилгаа гардаг болжээ. Зар сурталчилгаа, түншлэлийн гэрээ, тэмцээний шагналын аль нь илүү орлоготой вэ?

-Хамтын ажиллагааны түншийн гэрээ хамгийн их орлого оруулдаг. Дараа нь янз янз даа. Хэдэн тэмцээнд орсон, түрүүлснээс шалтгаална. Жилийн бүх тэмцээнд орвол мэдээж овоо мөнгө олчихно. Гэхдээ би одоо тоо биш чанарт анхаардаг болсон. Өнгөрсөн жил дөрөвхөн тэмцээнд орсон.

-Сурталчлах, эсвэл элч төлөөлөгч нь болох компаниа ямар шалгуураар сонгодог вэ?

-Хоёр шалгуур бий. Нэгдүгээрт мөнгөн үнэлгээ. Намайг хэрхэн үнэлж байгааг нь харна. Хоёрдугаарт тухайн компанийн нэр төр.

-Португалын “Спортинг” багтай байгуулсан гэрээг чинь ойлгоогүй хүн их байгаа. Ямар учиртай гэрээ вэ?

-“Спортинг”  хөлбөмбөгөөс гадна жүдогийн багтай. Тэр багтай нь Георгий Зантария бид хоёр гэрээ байгуулсан. Тэмцээн уралдаанд бид “Спортинг” багийг төлөөлдөг.  
 


-Өөрөө хэрэглэдэг, зар сурталчилгаанд нь дуртайяа тоглох гурван брэндийг нэрлэвэл?

-Спортын брэндийн нүүр царай болохыг хүсдэг. Би “Adidas Combat Sport”-той гэрээтэй. Гэхдээ дэлхийн аварга болохоосоо өмнө байгуулсан юм. Харин одоо жинхэнэ “Adidas”-тай нь хамтран ажилламаар байна. Бас Victoria’s Secret-тэй гэрээ байгуулах сан. Даанч энэ брэнд үзүүлбэрээ хаачихсан. Багадаа би энэ шоунд оролцохыг мөрөөддөг байж билээ. Надад спорттой холбоотой бүх зүйл сонирхолтой. Хэрэв Gucci, Louis Vuitton спортын загвар гаргах гэвэл би дуртайяа оролцоно. Зодог тайлаад моделийн бизнест орвол сонирхолтой байж мэдэх юм.

ОЛИМПЫН ДАРАА ЖИН ӨГСӨЖ МАГАДГҮЙ

-Чиний хамгийн хүчтэй өрсөлдөгч хэн бэ?

-Миний жинд Японы Фүна Тонаки, Косовагийн Дистрия Красники гэсэн хоёр хүчтэй өрсөлдөгч бий. Сэтгэл зүйн хувьд япон охинтой барилдах нь илүү хэцүү. Би түүнийг дөрвөн удаа ялж байсан. Фүна надтай барилдахдаа сэтгэл зүйгээ маш сайн бэлтгэдэг. Тэмцээнээс нэг хоногийн өмнө тааралдахад тэр намайг алахад бэлэн байгаа нь харцнаас нь харагдаж байлаа.
 


-Барилдааны үеэр дасгалжуулагчийн зөвлөгөөг сонсох нь тун чухал. Гэхдээ үзэгчдийн шуугиан гээд заримдаа сонсож чаддаггүй.

-Би ээжийнхээ үгийг үргэлж сонсдог. Парист үзэгчид маш их байсан болохоор би ээжийг илүү чанга хашгараарай гэж захисан. Гэхдээ хэт чанга хашгараад байвал шүүгч дасгалжуулагчийг торгодог. Ээж хоёр удаа хөөгдөж байсан.

-Тэмцээний үеэр дасгалжуулагчийн суудалд ээж чинь сууж байгаа харагддаг. Аав чинь яагаад хамт гардаггүй юм бэ?

-Багаасаа би тэмцээн уралдаанд ээжтэйгээ хамт яваад сурчихсан юм. Ээж намайг 6 настайгаас дасгалжуулж байна. Харин аав 11 настай байхад зааж эхэлсэн. Ээж намайг яаж урамшуулах, яаж тайвшруулахыг сайн мэднэ.
 


-Жүдогийн шүүлтийн талаар ямар бодолтой байдаг вэ? Дүрмийн өөрчлөлт санаанд нийцэж байна уу?

-Одоогийн дүрэм санаанд нийцэж байгаа. Жүдо илүү сонирхолтой, үзүүштэй болсон гэж боддог. Нэмэлт цагийн барилдаан Golden Score удаан үргэлжлэх үе байдаг ч бас л сонирхолтой. Өмнө нь шүүгчийн саналаар ялагчийг тодруулдаг байхад хэн нэг тамирчныг хэлмэгдүүлдэг тохиолдол байсан. Алдаатай шүүлттэй өмнө нь таарч байлаа, харин одоо бол ховор. Харин ч одоо шүүгч нар надад илүү энэрэнгүй ханддаг болсон, торгууль авмаар үе байсан ч заримдаа өгдөггүй. Өмнө нь намайг хэн ч мэддэггүй байхад өрсөлдөгч нарт илүү сайн ханддаг байлаа.

-Олимпын тэмцээн болох Токиогийн цэнгэлдэхэд чи барилдаж үзсэн. Энэ нь олимп дээр сэтгэл зүйн хувьд хэрэг болох уу, эсвэл илүү дарамт болох уу?

-Токиод барилдахад сэтгэл зүйн хувьд их хэцүү байсан. Финалд япон бөхтэй барилдахад танхим тэр чигээрээ түүнийг дэмжиж байлаа. Тийм болохоор маш их алдаа гаргасан. Анх удаа Японд барилдаж үзсэн. Японы тэмцээний уур амьсгал Европын тэмцээнээс огт өөр. Тийм болохоор сэтгэл зүйгээ сайн бэлтгэх шаардлагатай.

-48 кг-ийн жинд чамайг өндөр болохоор илүү талтай гэж олон хүн ярьдаг. Жин ахих бодол байгаа юу?

-Олимпын эрхийн чансаагаа авчихсан болохоор одоо бол өгсөхгүй. Жин ахихын тулд доод тал нь нэг жил хэрэгтэй. Шинэ өрсөлдөгчдөө судална. Харин олимпын дараа жин ахиж магадгүй. Заримдаа боддог л юм.

-Бэлтгэлийн үеэр спорт ундаа, протеин, Animal Flex, амин хүчил хэрэглэдэг үү?

-Зөв сэргэлт авахын тулд янз бүрийн витамин, амин хүчил заавал уудаг. Өөр юм хэрэглэдэггүй.

АНГЛИ ХЭЛ ИХ ЧУХАЛ

-Ийм шахуу хуваарьтай яаж амьдардаг байна? Байнга ийш тийш яваад ядардаггүй юм уу?

-Ядрахаасаа илүү амардаг гэж хэлэхэд болно. Би нэг газар удаан байж, бэлтгэл хийж чаддаггүй. Байраа байнга сольж байх хэрэгтэй.
 


-Украины шигшээ багт сэтгэл зүйч бий юу?

-Бусад шигшээ багт байдаг ч манай шигшээд эмч, сэтгэл зүйч, хоолны дэглэмийн заавар өгөх хүн ч байдаггүй. Манай багт массажчин л бий. Хүн болгон өөрөө өөрийгөө хянаж, арчилна. Жингээ би өөрөө хянадаг, харин сэтгэл зүй дээр аав ээж тусалдаг.

-Стрессээ яаж тайлдаг вэ? Тэмцээний дараа яаж сэргэлт авдаг вэ?

-Би амарч чаддаггүй сул талтай. ДАШТ-ий дараах 2-3 долоо хоног жилийн ганц амралт минь. Гэвч би энэ амралтаараа бүрэн амарч чадахгүй, бэлтгэл, жин гээд л бодоод байдаг. Амарч байхдаа хэт их идэлгүй, өдөрт нэг удаа гүйж байхыг эрмэлздэг.

-Амарч байх үеийн цагийн хуваариа танилцуулаач.

-Аав ээжтэйгээ Турк, Испани, Египет ч юм уу явж амардаг. Нар, тэнгис бол миний хувьд жинхэнэ амралт. Өглөө босоод цайгаа уугаад далайд очиж, сэлээд, наранд биеэ шарна. Өдөр нь заавал унтана. Орой нь дахиад л далай. Хэвтээд л, усанд сэлээд, юу ч хийхгүй байх, нэг төрлийн залхуу амралтад дуртай. Цанаар гулгах дуртай. Гэхдээ гэмтэх эрсдэлтэй болохоор одоо гулгахаа больсон.  

-Чи ганцаараа аялж, гадаадын тэмцээн уралдаанд их явдаг. Хамгийн дуртай орон чинь?

-Испани их таалагддаг. Ямар ч хотод нь очсон сайхан. Итали байна. Саяхан Ромд очсон. Хоол унд, байшин барилга, хүмүүс гээд бүгд сайхан. Дараа нь Америкийг нэрлэнэ. Нью-Йорк, Сан-Францискод очиж үзсэн. Үнэхээр сэтгэл татсан.

-Тэмцээн уралдааны зардлаа өөрөө гаргадаг уу?

-Спортын яамнаас гаргадаг. Цугларалт, тэмцээн уралдааны зардал хангалттай. Гэхдээ хүмүүсийн их сонирхдог спортын зарим төрөлтэй харьцуулахад бага. Жүдочдын санхүүжилт бидний авсан медалиас хамаардаг юм. Олон медальтай бол хангалт сайн, үгүй бол бага. Гэхдээ надад гомдол тавиад байх юм үгүй.

-Ямар гадаад хэл мэдэх вэ?

-Англи хэл гайгүй мэднэ. Гадаадын тамирчидтай ярьж чадна. Итали хэл сурч эхэлсэн ч завгүй болоод орхисон.

-Гадаад хэл тамирчдад хэр хэрэгтэй вэ?

-Хуучин ЗХУ-ын улсуудын тамирчдын гол асуудал нь хэл мэддэггүй. Тийм болохоор тэмцээн, хамтарсан бэлтгэл дээр орос хэлтэй беларусь, орос, украинчууд л хоорондоо харьцдаг. Манай шигшээд надаас гадна ганц хоёр хүн л англиар ярьж чаддаг. Тамирчид төдийгүй Украинд ихэнх хүн гадаад хэл мэдэхгүй байна.

ЖҮДОЧ БОЛООГҮЙ БОЛ ГИМНАСТИКЧ БОЛОХ БАЙЛАА
 

-Эцэг эх чинь чамайг анх жүдоч болгохыг хүсээгүй гэдэг. Хэрэв чи хүүхэдтэй бол ямар спортын тамирчин болгох вэ?

-Яагаад намайг жүдоч болгохыг хүсээгүйг нь би сайн ойлгож байна. Бэртэл гэмтэл, жин хасах, хэт ачаалал гээд олон асуудал байдаг. Хэрэв би хүүтэй болбол жүдод, охинтой бол уран сайхны гимнастикт өгнө.
 


-Чи гимнастикаар хичээллэж байсан гэл үү?

-Тиймээ, гэхдээ гуравхан настай байсан болохоор санадаггүй юм. Ээж намайг уран сайхны гимнастикч болгоно гэж мөрөөддөг байсан гэсэн.

-Өөр хичээллэж үзмээр спортын төрөл юу байна?

-Одоо оройтсон болохоор ямар нэг өөр спортоор хичээллэхгүй. Гэхдээ хэрэв бөх болоогүй бол хөнгөн атлетик, уран сайхны гимнастикт хүчээ сорих байсан байх. Би гүйх их дуртай.

-Холимог тулаан?

-Надад Япон, Америкийн холимог тулааны холбоодоос маш их мөнгө амласан урилга зөндөө ирсэн. Ямар ч их мөнгө байсан би татгалзана. Аав ээж минь ч гэсэн. Эрүүл мэнд хамгийн чухал нь.

-Жүдо хямдхан спорт биш. Чи ямар брэндийн жүдоги өмсөх дуртай вэ?

-Багаасаа зөвхөн Adidas жүдоги хэрэглэж байна. Хамгийн сайн нь. Би өндөр, туранхай болохоор бусад фирмийн жүдоги таардаггүй юм. Харин Adidas-ийн slim яг над шиг биетэй хүнд тохирсон жүдоги.
 


-Чиний шүтээн жүдоч?

-Гол шүтээн минь аав. Мөн Японы Тани Тамүра байна. Тани бол эмэгтэй жүдо бөхийн түүхэнд цорын ганц олимпын 5 медальтан, долоон удаагийн дэлхийн аварга жүдоч. Би түүнийг шүтдэг.

-Чи шүтээнийхээ хамгийн залуудаа дэлхийн аварга болсон рекордыг эвдсэн.

-Эхлээд би ямар нэг рекорд тогтоосноо огт мэдээгүй. Маргааш нь сонин дээр гарахаар нь л мэдсэн. Жинхэнэ шок. Шүтээнээ давж, түүхэнд нэрээ бичүүлнэ гэдэг үнэхээр сайхан зүйл.
 


-Илүү дарамт болдоггүй юу?

-Үгүй, харин ч сэтгэл сэргээдэг. Би дахин шинэ зорилго тавиад биелүүлэхээр залуу байна. 19 нас хүртлээ би дэлхийн хошой, Европын хошой аварга болоод байна. Одоо олимп л үлдлээ.

-Чамайг барилдах биш бүжиглэчих юм гэж хүмүүс ярьдаг. Ямар барилдаантай хүн барилдахад хэцүү байдаг вэ?

-Маш их хөдөлдөг, хурдан бөх ядаргаатай байдаг. Парисын тэмцээний хагас шигшээд барилдсан  Францын Shirine Boukli их хэцүү өрсөлдөгч байлаа. Тэр барьц авчхаад өөрөө мэх хийхгүй, хүнээр юм хийлгэхгүй чанга бариад л байна.

-Барилдахдаа буддаг уу?

-Үгүй. Хорио байхгүй ч жүдочдоос хэн нь ч буддаггүй. Барилдаж байгаа болохоор хөлөрнө, тэгэхээр будаг урсана шүү дээ. Хумсаа ч буддаггүй.

-Хамгийн сүүлд хэзээ уйлсан бэ? Яагаад?

-Саяхан уйлсан. Бага зэрэг бие өвдөөд. Тамирчин хүн өвдөөд бэлтгэл хийж чадахгүй хэд хоноход л эмгэнэл шүү дээ. Би гэртээ зүгээр суугаад байж чаддаггүй. Надад бэлтгэл хийх хэрэгтэй.

СПОРТЫН ДАРАА Ч БАС АМЬДРАЛ БИЙ

-Чи их сургуулийн сэтгүүлийн ангид суралцдаг. Зодог тайлаад сэтгүүлч болох юм уу?

-Их спортын дараа ч бас амьдрал бий шүү дээ. Би бүх амьдралынхаа турш барилдаад байж чадахгүй. Тамирчид 28-30 настайдаа зодог тайлдаг. Өөр хийх юм хэрэгтэй гээд сэтгүүлчийг сонгосон юм.
 


-Өөрөө хүссэн юм уу, хэн нэг нь зөвлөв үү?

-Өөрөө мэдээд шийдсэн. 11 дүгээр ангид ороод мэргэжлээ сонгох шаардлагатай болсон. Надад спортоос гадна зөвхөн сэтгүүл зүй л байлаа. Сургуульд байхдаа зохион бичлэг бичих дуртай байсан болохоор сонгосон. Мөн сэтгүүл зүйг спорттой ч холбож болно.

-Телевизэд тайлбарлагч, спортын нэвтрүүлгийн хөтлөгч хийхийг хүсэж байна уу?

-Одоохондоо энэ талаар бодоогүй байна. Зодог тайлах дөхөөд ирэхээр бодно.

-Тамирчид олон нийтийн сүлжээ, сэтгүүлчид тэмцээнд бэлтгэхэд саад болдог гэж гомдол тавьдаг. Чиний хувьд тийм явдал тохиолдож байсан уу?

-Байсан. Анх удаа дэлхийн аварга болоод бараг бүтэн сар энд тэнд ярилцлага өгсөн. Бэлтгэлээс хөндийрөөд маш их ядарсан. Харин өнгөрсөн жил дэлхийн хошой аварга болоод илүү зохион байгуулалттай хандсан. Бүх хэвлэлийнхэнд тэмцээний дараа хоёр хоног л чөлөөтэй. Хүссэн хүн болгонд ярилцлага өгнө, харин дараа нь бэлтгэлтэй тул уучлаарай, хэнд ч ярилцлага өгөхгүй шүү гэж хэлсэн. Өмнөх амжилтаа хурдан мартаж, шинэ том зорилгод хүрэхийг би хүсдэг. Харин хэвлэл мэдээлэл өнгөрсөн амжилтыг байнга сануулаад байдаг.

-Сэтгүүлчдийн тавьсан хамгийн эвгүй асуулт юу вэ? Дараа нь өөрөө сэтгүүлч болохоороо хэзээ ч ингэж асуухгүй дээ гэж бодож байсан уу?

-Гэмтлийн тухай асуугаад байх нь хэцүү байдаг. Ямар ч тамирчин энэ талаар ярихыг хүсэхгүй. Би сэтгүүлчдэд ийм сэдвээр ярихгүй шүү гэж анхааруулдаг. Гэсэн ч тэд “Яагаад, яаж” гээд л асуугаад байдаг. Бас хувийн амьдралын талаар асуух нь эвгүй. Сэтгүүлч, уншигчдад энэ сэдэв сонирхолтойг би ойлгож байна. Гэхдээ хувийн амьдрал бол хувийн чигээрээ л үлдсэн нь дээр. Хэрэв би сэтгүүлч болбол хэзээ ч ингэж асуухгүй. Хүн хариулахыг хүсэхгүй байхад дахин дахин асуугаад байж таарахгүй.
 


-Чи өөрийгөө ямар зантай хүн гэж боддог вэ?

-Би хаалттай хүн. Бэлтгэлийн танхимд ч бараг хүнтэй харьцдаггүй. Амьдрал дээр ч мөн адил. Бага байхдаа би илүү нээлттэй, чөлөөтэй байсан. Гэвч амьдрал дээр зан аашийг өөрчлөх юм тохиолддог. Ямар нэг хүнтэй нээлттэй харилцахаасаа өмнө би их болгоомжилдог болсон.

-Чиний сайн болон муу тал?

-Би түргэн ууртай. Бэлтгэл дээр хэн нэг нь хүчтэй шидэх, эсвэл ямар нэг юм хүссэнээр болохгүй бол уурлаад эхэлдэг. Хоёрдугаарт би биеэ суллаж, амарч чаддаггүй. Байнга ямар нэг юманд анхаарч байдаг. Тархи, биеэ хааяа амрааж байхгүй бол шатчихна. Сайн тал бараг байхгүй болохоор онцолж хэлэх юм цөөхөн. Зорилгодоо хүрэх гэж няцалгүй тэмүүлдэг. Үнэнч гэж хэлж болох юм. Би дотнын хүмүүс, гэр бүл, найз нөхдөдөө үргэлж үнэнч.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
() 0 секундын өмнө

Top