ТОКИО-2020 олимпын наадам хойшлогдох нь

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

Дэлхий нийтийг хамарсан КОВИД-19 шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас бараг бүх спортын тэмцээн уралдаан зогсоод байна.

Спортын хамгийн том наадам болох Зуны олимпыг цуцлах, эсвэл хойшлуулах талаар ОУОХ энэ сарын 22-нд хэлэлцсэн. “Токио 2020” олимп ирэх долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нд явагдах хуваарьтай байгаа билээ.

ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах Токиогийн олимпыг цуцлах нь 206 ҮОХ-ны 11 мянган тамирчдын хүсэл мөрөөдлийг үгүй хийх тул цуцлах шийдвэр бид гаргахгүй. Харин дөрвөн долоо хоногийн хугацаанд байдлыг судалж, шийдвэр гаргана гэж мэдэгдсэн.

Зарим эх сурвалж Токиогийн олимп 1-2 сараар хойшилно гэж бичиж байгаа бол зарим ҮОХ 1-2 жилээр хойшлуулах шаардлага тавиад байгаа. Хэрэв хуваарь ёсоор долоодугаар сард эхлэх юм бол тамирчдаа оруулахгүй гэдгээ хэд хэдэн улс орон илэрхийлээд байна.

ОУОХ-ны гишүүн Дик Паунд “Nippon News Network” агентлагт утсаар ярилцлага өгөхдөө “Токиогийн олимпыг хойшлуулахаар шийдсэн гэж бодож байна” гэж хэлсэн байна. Өмнө нь тэрбээр Америкийн сонинд ярилцлага өгөхдөө “Хойшлуулах нь тодорхой болсон” гэж хэлж байсан бөгөөд энэ удаад магадлалтай гэж арай зөөлнөөр хариулсан ч Токиогийн олимп хойшлогдох нь ойлгомжтой болсон бололтой. Харин энэ дөрвөн долоо хоногийн дотор ямар хугацаагаар хойшлуулахаа шийдэх шинжтэй. Коронавирусний халдвар зарим оронд багассан ч зарим оронд эрчтэй тархаж байгаа тул нэгдсэн шийдвэр гаргахад хүндрэлтэй байгаа нь мэдээж.

Одоогийн байдлаар Токиогийн олимпыг хойшлуулахыг шаардаж байгаа улс орон, холбоодын тоо нэмэгдсээр байна. Үүнд: Канад, Австрали, Их Британи, Бразил, Словени, Серби, Хорват, Норвег, Ирланд, Швейцарын ҮОХ-д, Францын Спортын яам, АНУ-ын Хөнгөн атлетик, Усан спортын холбоод, Испанийн Хөлбөмбөг, Хөнгөн атлетикийн холбоод, Олон улсын гимнастикийн холбоо багтаж байгаа юм.

Өнөөдөр /2020.03.24/ орой 20.00 цагт Японы Ерөнхий сайд Шинзо Абэ, ОУОХ-ны тэргүүн Томас Бах нар утсаар ярихаар болжээ. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top