“ТОКИО-2020” Олимпын наадмын тухайд...

Админ | Zindaa.mn
2020 оны 03 сарын 24

“Таван цагариг” -ийн АНУ дахь тусгай сурвалжлагч Ц.Энхтүвшин

Зуны олимпын XXXII наадам ирэх долоодугаар сарын 24-нөөс наймдугаар сарын 9-нийг дуустал Японы Токио хотноо зохион байгуулагдах билээ. Гэвч дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас “Токио-2020” олимпыг болно, болохгүй, хойшлогдоно, цуцлагдана, үзэгчгүй явагдана хэмээх яриа хэвлэл мэдээллээр их гарч буй билээ. Өнөөдөр ОУОХ-ны гишүүн, Канадын хуульч, Дэлхийн допингийн эсрэг агентлагийн тэргүүн асан Дик Паунд “Ю-Эс түдэй” сонинд “Токио-2020 олимпын наадам хойшлогдох болсон” хэмээн ярьснаар маш олон хүн энэ талаар асууж, лавлаж байгаа тул өөрийн уншиж, судалсан мэдээлэлд тулгуурлан товч тайлбарыг спорт сонирхогчдодоо хүргэж байна.

За юуны өмнө манай олон сонин, сайт, сэтгүүлчид “Токио-2020” олимпын наадам хойшлогдох боллоо, 2021 онд явагдана“ хэмээн бичжээ. Хэдийгээр олимпын наадам цаг үеийн байдал, цар тахлаас болоод хойшлогдож болзошгүй боловч одоогоор албан ёсны шийдвэр хараахан гараагүй байгаа гэдгийг хэлье! Д.Паундын хэлсэн үг ОУОХ -ны шийдвэр биш бөгөөд тэрбээр ОУОХ-г ганцаараа төлөөлөх эрхгүй гэдгийг ч дурдах нь зүйтэй байх. Тэгээд бас ОУОХ ч дангаараа “Токио-2020” олимпын наадмыг цуцлах, хойшлуулах шийдвэр гаргах боломж бага.

Учир нь уламжлал ёсоор Олимпын наадмыг зохион байгуулах талтай ОУОХ гэрээ байгуулдаг. “Токио-2020” наадмын гэрээг 2013 онд Зохион байгуулах тал-ОУОХ-ны хооронд байгуулсан. Үүнд Олимпын наадмыг цуцлах талаар тодорхой заалтууд бий. ОУОХ зохион байгуулах оронд дайн болон иргэний үймээн самуун гарах гэх мэт таван заалтыг зөрчсөн тохиолдолд гэрээг ОУОХ дангаараа цуцлах эрхтэй. Энэ заалтын гуравдугаарт Зуны олимпын XXXII наадмыг 2020 онд зохион явуулна гэж байгаа. Тэгэхдээ сар, өдрийг тодорхой заагаагүй, үүнийг зохион байгуулах тал шийдвэрлэдэг.

За ингэхээр эхний ээлжид ОУОХ, Зохион байгуулах тал аль аль нь өмнө төлөвлөсөн хугацаанд нь хойшлуулахгүй явуулахыг тун их хичээж байгаа. Энд ТВ-ийн шууд дамжуулах эрхийн гэрээ, төлбөр гээд 6 тэрбум орчим доллар, ОУОХ-ноос гаргаад буй 800 сая доллар, Японы талаас хэдийнээ гаргаад байгаа 12,6 тэрбум доллар гээд “том мөнгө” яригдах тул аргагүй. Мөн ивээн тэтгэгчид гэж бий. Зөвхөн Японы компаниуд л гэхэд 3 тэрбум доллароор ивээн тэтгэх гэрээ байгуулсан байгаа. Энэ бүгдээс шалтгаалаад яаж ийгээд хугацаандаа явуулахыг зорьж байна. Гэвч цар тахлын байдал хэрхэн өрнөхийг хэн ч мэдэх аргагүй ээ.

Хэрэв хугацаандаа эхлэх боломжгүй бол үзэгчгүйгээр уралдаан тэмцээнийг явуулж, ТВ -ээр дамжуулах бас нэг хувилбар бий. Гэхдээ энэ хувилбар нь эргээд Олимпын хартийн эсрэг зөрчилдөж буйг ОУОХ-ны ерөнхийлөгч Томас Бах хэлсэн. Тэгэхээр энэ хувилбар тун бага боломжтой.

Цаг үеийн байдал сайжрахгүй бол хугацааг хойшлуулах боломж бий. Гэхдээ энэ ондоо л багтааж хойшлуулах, хамгийн оройтлоо гэхэд л энэ оны 12 дугаар сарын 15-нд (олимпын наадам 17 өдөр үргэлжилдэг тул) эхлэхээр зохион байгуулагч тал шийдэх. Хэрэв 2021 он гэвэл өнөө гэрээнд заасан 2020 он дуусчих тул Японы талаас хамаарахгүйгээр ОУОХ дангаараа “Токио-2020” олимпыг бүүр цуцлах эрхтэй болчих юм. Цуцлах тухай яриа бол бараг байх боломжгүй л дээ, аль алинд нь маш их хохиролтой. Гэхдээ хүний эрүүл мэнд, амь наснаас үнэтэй зүйл гэж байж болохгүй, үүнд Олимпын наадамд ч хамаарна гээд Т.Бах бас мэдэгдсэн.

Ийм л маш хэцүү нөхцөл үүсээд байгаа үед эцсийн шийдвэр гаргахаар ОУОХ , Зохион байгуулах тал, олон улсын спортын холбоод харилцан ярилцаж буй бөгөөд албан ёсны шийдвэрийг ойрын хугацаанд , дөрөвдүгээр сар дуусахаас өмнө гаргана байх.

Эцэст нь товчлоод хэлбэл “Токио-2020” цуцлагдана гэсэн яриа огт байхгүй, 2021 он хүртэл хойшлуулах гэдэг магадлал муутай, хойшлуулбал энэ 2020 ондоо багтаахыг зорино, хугацаандаа явуулахыг эцсийн боломж хүртэл зүтгэж буй гэхэд болно до

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top