Японы сүмо бөхийн холбооны Гүйцэтгэх зөвлөл хуралдаж, шинэ төрлийн коронавирусний халдвар тархаж байгаатай холбогдуулан, хэд хэдэн арга хэмжээ авах боллоо.
Юуны өмнө тавдугаар сарын 2-нд болох байсан Ёкозүнагийн зөвлөлөөс зохион байгуулдаг бөхчүүдийн хамтарсан бэлтгэлийг цуцаллаа. Залуу бөхчүүдийн сургалт, хичээлийг дөрөвдүгээр сарын 24 хүртэл хойшлуулсан байна.
Тавдугаар сарын Зуны тэмцээнийг ямар байдлаар явуулахаа шийдээгүй байгаа тул тасалбар худалдаалах эсэхийг дараа хэлэлцэх боллоо. Тэр үед байдал хэрхэн өөрчлөгдөхөөс хамааран үзэгчгүй явуулах, цуцлагдах ч болж магадгүй байгаа билээ.
Мөн Токио хотын захиргаанаас энэ амралтын өдрүүдэд ард иргэдийг гэрээс гадагш гарахгүй байхыг анхааруулсан тул сүмочдод гадагш гарахыг хориглоогүй ч аль болох гэртээ, дэвжээндээ байх ёстой гэж сануулжээ.
Гадаадын улс орнуудад нислэг цуцлагдаж, зарим орон хилээ хааж байгаа тул хоригт орж, Японд ирэх боломжгүй болохоос сэргийлэн, гадаад бөхчүүдийг эх орондоо харихыг хориглосон байна.