ОХУ хилээ хааж, Хабиб, Тонигийн тулаан цуцлагдах дөхсөөр

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

ОХУ-д сүүлийн үед коронавирусний халдвар авагчдын тоо эрс өсөж байна. Тиймээс Ерөнхий сайд Михаил Мишустин энэ сарын 30-наас эхлэн, хилээ бүрэн хаах шийдвэр гаргасан. Өөрөөр хэлбэл агаар, газар, усан бүх замаар хил нэвтрүүлэхгүй гэсэн үг юм.

Ингэхээр Хабиб Нурмагомедов хэрэв өнөөдөр /2020.03.29/ ОХУ-аас гарахгүй бол ирэх сарын 18-нд болох UFC 249 тэмцээнд оролцож чадахгүй болох нь.

Харин UFC холбоо тус тэмцээнийг Флоридад зохион байгуулахаар тохиролцоонд хүрээд байгаа гэсэн мэдээ бий. Гэвч гол баатар Хабиб очиж чадахгүй бол тэмцээн цуцлагдах нь ойлгомжтой. Тэгвэл Хабиб-Тони тулаан үнэхээр хараал туссан тулаан гэдэг нь тодорхой болно. Тэд өмнө нь дөрвөн удаа үзэлцэх байсан ч тухай бүр ямар нэг шалтгаанаар цуцлагдаж байлаа.

Эхлээд 2015 оны 12 дугаар сарын 11-нд “UFC Ultimate Fighter 22” тэмцээнд учраа таарсан ч Хабиб хавиргаа хугалаад тулаан сарын өмнө цуцлагдаж байв.

Дараа нь 2016 оны дөрөвдүгээр сарын 16-нд “UFC on Fox 19” тэмцээнд тэднийг дахин таарууллаа. Харин энэ удаад тулаанаас 10 хоногийн өмнө Фергюсон “Уушгинд нь цус, шингэн илэрсэн” гэж мэдэгдээд тэмцээнээс гарсан юм.

Гурав дахь удаа тэднийг 2017 оны гуравдугаар сарын 4-нд “UFC 209” тэмцээнд үзэлцүүлэх гэж шийдвэрлэсэн. Хөнгөн жингийн түр зуурын ч гэсэн аваргын бүсийн төлөө тулаан. Гэвч тулаанаас бараг ганц, хоёр хоногийн өмнө Хабиб жин хасах үеэрээ ухаан алдаж, эмнэлэгт хүрэгдсэнээр бас бүтэлгүй болж байв.

Дөрөв дэх оролдлого 2018 оны дөрөвдүгээр сард холбооны жинхэнэ аваргын төлөөх тулаан байлаа. Талууд бэлтгэл ханаж, тулаан долоо хоногийн дараа болох гэж байтал Тони телевизийн студиэс гарч явахдаа бүдэрч унаад өвдгөө гэмтээж орхисон билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ankhaa(202.55.188.94) 2020 оны 03 сарын 29

habib iig gargachih bho beltgel sain bga bol

0  |  0
Top