Оно Шёохэй: Өөрчилж чадахгүй зүйлдээ стресстээд яах билээ

Автор | Zindaa.mn
2020 оны 03 сарын 29

2016 оны олимпын аварга, “Токио 2020” наадмын эрхээ аваад байгаа Японы жүдоч Оно Шёохэй “Ёмиүри” сонинд ярилцлага өгчээ.

-Токиогийн олимпын наадам хойшлогдлоо.

-Уг нь бол өдийд гуравдугаар сард Дюссельдорф Их Дуулга дуусаад дөрөвдүгээр сарын Бүх Японы аваргын тэмцээнд бэлтгэж байх ёстой байлаа. Гэтэл коронавирусний халдвараас болоод цугларалт, бэлтгэл хийхэд ч хэцүү болчихлоо. Гэхдээ гэртээ юм бодоод суух цаг их болсон болохоор сэтгэл зүйгээ улам чангалахыг хичээж байна.

-2016 онд олимпоос хойших дараагийн олимпын цикл 4 жил биш 5 жил болох нь танд ямар нөлөө үзүүлэх вэ?

-Эсрэгээрээ сонирхолтой байж ч болох юм. Ганц би биш бүх тамирчин ижилхэн байдалд орсон болохоор цаг хугацаа гэхээсээ илүү яаж бэлтгэл хийх вэ гэдэг л өөрчлөгдөх хэрэг. Миний хувьд олимпын цикл 5 жил болж өөрчлөгдсөн ч Риогийн олимпын өмнөх 4 жилтэй ижил зүйл хийгээд олимпод түрүүлнэ гэсэн үг биш тул. Би 2017 онд магистрын диплом хамгаалах гээд нэг жил өнжсөн тул ер нь ялгаа байхгүй.

-Харин ч олимп хойшлогдоод улам сайн бэлтгэх боломж гэж үү?

-Тамирчин болгон яаж хүлээн авч байгаагаас шалтгаална. Сандарч, тэвдэж байгаа тамирчин байгаа нь ойлгомжтой. Гэхдээ тамирчдын хувьд хийх зүйл өөрчлөгдөхгүй. Мэдээж дараагийн тэмцээн хэзээ болох, ямар зорилго тавих нь тодорхой байхад тамирчдад хамаагүй амар. Гэхдээ одоогийн энэ хүлээлгийн байдалд тамирчин бидэнд шийдэж чадах зүйл алга. Би ч гэсэн шигшээ багийн цугларалт хэзээ болох, хэзээ ямар тэмцээнд орохоо ч мэдэхгүй байна. Гэхдээ тайван амгалан бодож үзээд одоо цугларалт, бэлтгэл дээр хөлсөө асгаруулах үе биш тул Тэнри их сургууль дээрээ бие, сэтгэлээ амраая гэж шийдсэн. Угаасаа Дюссельдорф Их Дуулгад түрүүлээд ингэх төлөвлөгөөтэй байсан юм. Тийм болохоор санаа зовж, сандрах зүйл алга.

-Токиогийн олимп бараг нэг жил хойшлогдох нь гэдэг мэдээг сонсохдоо ч ийм тайван байсан уу?

-Токиогийн олимп хуваарь ёсоор явагдахгүй боллоо гэдгийг ойлгож байсан. Бүх тамирчдын сэтгэлд нийцсэн шийдвэр гаргах ямар ч боломжгүй. Өөрчилж чадахгүй зүйлдээ стресстлээ гээд ч яах билээ? Тамирчдын хийх зүйл хэвээр байгаа. Олимпын дараа зодог тайлахаар шийдсэн байсан тамирчид мэдээж байгаа. Гэхдээ би тамирчдаас илүү дасгалжуулагч нарт хэцүү байгаа гэж бодож байна.

-Олимпын талаарх бодол өөрчлөгдсөн үү?

-Олимп хэзээ болох юм бол, шигшээ багийн цугларалт хэзээ вэ гээд бодох юм их байна. Энэ жил олимпын наадмыг орлохоор өөр тэмцээн хийж болохгүй юм уу, шигшээ багийг дахин сонгох уу гээд янз бүрийн юм толгойд орж ирж байна. Гэхдээ олимп хойшлогдлоо гээд бэлтгэлээ хийхгүй байхад болно гэж бодохгүй байгаа. Мэдээж одоо  бэлтгэл тултал нь хийгээд гэмтэх, эсвэл яг олимп эхлэхэд ямар ч эрч чадалгүй болчхож болохгүй болохоор одоо бол эрүүл мэнд чухал, хөлсөө гаргахын тулд л бэлтгэлийн танхимд очиж байгаа. Хэнтэй ч барилдсан яах вэ, зугаа болгож барилдсан  ч болно. Бэлтгэл хийх нөхцөлд байгаагаа өөдрөгөөр бодох хэрэгтэй. Бэлтгэл хийх боломжгүй болсон тамирчин их байгаа шүү дээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
zochin(202.9.47.9) 2020 оны 03 сарын 29

Mundag tamirchin da dahiad abarga oirhon bn

0  |  0
Top