Хабиб Тонигоос айсан уу!

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 02

Энэ жилийн тулааны ертөнцийн хамгийн том тэмцээн болох “UFC 249” цуцлагдахад тун ойрхон болоод байна. Хуваарь ёсоор бол тэмцээн дөрөвдүгээр сарын 18-нд АНУ-д Нью-Йоркийн Бруклинд болох ёстой байлаа. Гэвч коронавирусний халдварын улмаас тус мужид олон нийтийн арга хэмжээ явуулахыг хориглосон. UFC холбооны тэргүүн Дана Уайт тэмцээнийг цуцлахгүй, зохион байгуулах өөр газар олсон гэж олон нийтийн сүлжээгээр зарласаар байгаа ч үнэндээ байдал тун хүнд байгаа юм.
 

Хэрэв “UFC 249” тэмцээний гол үзвэр болох Хабиб Нурмагомедов, Тони Фергюсон хоёрын тулаан цуцлагдвал үнэхээр “хараал туссан” тулаан гэдэг нь тодорхой болно. Учир нь энэ хоёр тулаанч өмнө нь дөрвөн удаа учраа таарсан ч тухай бүр ямар нэг шалтгаанаар цуцлагдаж байлаа.

Эхлээд 2015 оны 12 дугаар сарын 11-нд “UFC Ultimate Fighter 22” тэмцээнд тэд таарсан ч Хабиб хавиргаа хугалаад тулаан сарын өмнө цуцлагдаж байв.

Дараа нь 2016 оны дөрөвдүгээр сарын 16-нд “UFC on Fox 19” тэмцээнд тэднийг дахин таарууллаа. Харин энэ удаад тулаанаас арав хоногийн өмнө Фергюсон “Уушгинд нь цус, шингэн илэрсэн” гэж мэдэгдээд тэмцээнээс гарсан юм.

Гурав дахь удаа тэднийг 2017 оны гуравдугаар сарын 4-нд “UFC 209” тэмцээнд үзэлцүүлэх гэж шийдвэрлэсэн. Хөнгөн жингийн түр зуурын ч гэсэн аваргын бүсийн төлөө тулаан. Гэвч тулаанаас бараг ганц, хоёр хоногийн өмнө Хабиб жин хасах үеэрээ ухаан алдаж, эмнэлэгт хүрэгдсэнээр бас бүтэлгүй болж байв.

Дөрөв дэх оролдлого нь 2018 оны дөрөвдүгээр сард холбооны жинхэнэ аваргын төлөөх тулаан байлаа. Талууд бэлтгэл ханаж, тулаан долоо хоногийн дараа болох гэж байтал Тони телевизийн студиэс гарч явахдаа бүдэрч унаад өвдөгний чагтан холбоосоо тасалж орхисон билээ.

Харин энэ удаад тулаан тасалдах шалтгаан нь коронавирус байсан ч Америкийн спорт сонирхогчид Хабибийг айлаа гэж үзэж байгаа юм. Холимог тулааны нэг тэмцээн байтугай Зуны олимпын наадмыг хойшлуулаад байгаа халдварт өвчин дэлхийг “эзэлж”, улс орнууд хилээ хааж байхад Хабиб ямар буруутай билээ?

Холимог тулааны ертөнцөд найраа, хуйвалдааны цуу яриа их байдаг. Ямар нэг гэнэтийн зүйл тохиолдоход л бүгд тэр бууж өгч, тэр мөнгө авчхаж гэж ярьж эхэлдэг. Хабибийг яагаад айсан гээд байгаа учрыг тайлбарлая.

ОХУ коронавирусний халдварыг зогсоохын тулд гуравдугаар сарын 30-наас бүх хилээ хаасан. Хабиб ердөө Оросоос гарч явж чадахгүй болсон хэрэг. Харин тулааны урлаг сонирхогчид Хабиб хүсэх юм бол хувийн онгоцоор ч хил давж чадна, Тонид ялагдахаас айгаад шалтаг тооцож байна, аль эрт гарч болох байсан гэж үзсэн. Маш их хүлээлт үүсгээд байсан тулаан цуцлагдахад тулаад байгаа тул тэдний уур хилэнг ойлгож болно. Гэхдээ Хабиб үнэхээр айсан гэж үү?

Хабиб бэлтгэлээ анх Америкт хийж байсан. Тэр тулаан, бөхийн шилдэг багш, мастеруудыг бэлтгэл хангагчаар урьж, 120 хоног бэлтгэл хийсэн. Бэлтгэлдээ 100 мянга гаруй ам.доллар зарцуулсан гэсэн. Яах гэж? Айгаад АНУ-д очихгүйн төлөө ийм их мөнгө гаргасан хэрэг үү? Дөрвөн сар хөлсөө асгаруулсан гэж үү?

Хабиб энэ тулаанаас 10 сая ам.доллар авах нь бараг тодорхой байсан. Энэ их мөнгийг Тонигоос айгаад орхисон гэхэд хүн итгэх үү?

Хабибийн нэг сул тал нь төрөлх ОХУ-даа ч дайсан олонтой. Исламын шашны ёс жаягийг сахиулах гэж оролддог, олон нийтийн сүлжээгээр олон юм шүүмжилдэг тул түүнд дургүй хүн их. Энэ дайснууд нь түүний талаар гарсан өчүүхэн жижиг шүүмжийг ч өлгөн авч, тараадаг. Харамсалтай нь Хабиб өөрөө ч шүүмжлэх шалтгаан их гаргаж өгдөг, найрсаг бус авиртай ч энэ удаад түүний буруу гэж огт үгүй. Тэр коронавирусний хохирогч, дэлхийн сая  сая хүний нэгэн адил хохирогч. Тэр ганцаараа хил давж чадахгүй болсон хэрэг биш. Бүгд л адилхан.

ОХУ-аас АНУ-д очих нь өнөөгийн нөхцөлд бараг боломжгүй зүйл болоод байгаа нь үнэн. Шууд нислэг байхгүй, Хэд хэд дамжиж очих тасалбар байлаа ч Европт нэг орон гэнэт хилээ хаахад л Америкт хүрэлгүй, замдаа хаа нэгтээ харь оронд гацна гэсэн үг. Дээр нь ОХУ бүх хилээ хаасан байгаа тул хуурай, усан замаар ч гарах боломж үгүй.

Тэгвэл яах гэж ОХУ-д гэртээ харьсан юм бэ? АНУ-д бэлтгэлээ хийж байхгүй яасан юм бол гэсэн асуулт гарна. Энд Хабиб биш харин UFC холбоо буруутай гэдэг нь тодорхой болсон. АНУ-д коронавирусний халдвар ОХУ-аас өмнө эхэлсэн. Гуравдугаар сарын эхээр л спортын уралдаан, тэмцээнүүдийг хааж эхэлсэн тул “UFC 249” тэмцээн Америкт болохгүй нь гэж яригдаж байсан үе. Энэ талаар Хабиб фэнүүддээ хандан “Би одоо Дагестанд байна. Холбооноос надад тулаан АНУ-д явагдахгүй, Абу-Дабид болох нь бараг 99 хувь боллоо гэж хэлсэн. UFC-тэй зөвлөлдөөд бид тулаанаас сарын өмнө АНЭУ-д очихоор шийдсэн. Очтол тэнд хил хаасан, Эмиратын паспортгүй бол хэнийг ч оруулахгүй гэж мэдэгдсэн тул ОХУ-д буцаж ирсэн. Би өдөр бүр бэлтгэл хийж байгаа ч ОХУ карантин зарлаж, хилээ хаалаа. Хаашаа ч явж чадахгүй болсон энэ үед UFC тэмцээнээ Америкт хийхээр болсон мэдээ надад ирлээ. Намайг очиж чадахгүй бол надгүй зохион байгуулах гэнэ. Тонид өөр өрсөлдөгч хайж байгаа мэдээ ч сонслоо. Би энд өөрийн хүслээр байгаа хэрэг биш шүү дээ. Тулаан таслагдсан нь миний буруу биш, би хэзээ ч хаана ч тулалдахад бэлэн байна. Харамсалтай нь надаас хамаарахгүй зүйл олон байна” гэж мэдээлсэн юм. Тэмцээн АНУ-д болохгүй гэж холбоо мэдэгдэж байхад Хабиб яахаараа Америкт үлдэх ёстой билээ? Ингээд нутагтаа харьсан хойно нь  холбооны тэргүүн Дана Уайт тэмцээн АНУ-д болно гэж гэнэт мэдэгдсэн байна. Ямар мужид болохыг албан ёсоор зарлаагүй ч ямар ч гэсэн Америк гэнэ. Хэрэв үнэн бол Хабиб, Тонигийн тулаан цуцлагдсаны гол буруутан нь Дана Уайт мөн. Яагаад гэвэл Уайт хүн болгоны хүлээж байсан тулааныг зохион байгуулж чадсангүй.

Хабибийн оронд өөр тамирчин гаргана гэсэн мэдээ байгаа ч Хабиб байхгүй бол “UFC 209” тэмцээнийг коронавирусний үед эрсдэл гарган зохион байгуулах хэрэг ч байхгүй. Халдвар авагсдын тоогоор дэлхийд тэргүүлж эхэлсэн АНУ-д дөрөвдүгээр сарын 18-нд спортын тэмцээн зохион байгуулж чадах эсэх ч эргэлзээтэй. Үзэгчгүй хийнэ, шүүгч, тулаанчид, зураглаач, дасгалжуулагч гээд арван хүн л танхимд байна гэж ярьж, бичиж байгаа ч Хабибгүй бол хэн үзэх вэ?

АНУ-д карантин тогтоож эхлэхэд л  UFC холбоо тэмцээнээ хойшлуулах ёстой байлаа. Орлого олохоос илүү тулаанчдын хэн нэг нь халдвар авахад холбооны нэр хүндэд муу. Гэвч Дана Уайт одоогийн байдлаар энэ эрсдлийг тоолгүй, тэмцээнээ хийх гэж зүтгэсээр байна. Тиймээ тэр том босс, гэхдээ коронавирусний босс биш билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top