Энэ жилийн хамгийн шуугиант тулаан хэмээн зарлагдаж байсан Хабиб, Тонигийн тулаан дуулиантайгаар явагдахгүй болж төгслөө.
Энэ сарын 18-нд АНУ-д болох байсан UFC 249 тэмцээнд тэд учрах ёстой байсан юм. Харин дэлхийг хамарсан шинэ төрлийн коронавирусний улмаас ОХУ хилээ хааж, Хабиб АНУ-д очих аргагүй болсон билээ. Холимог тулаан сонирхогчид үүнд Хабибийг буруутгаж, түүнийг хулчийсан гэж шүүмжилж байгаа.
Хабиб Нурмагомедов өчигдөр инстаграм хуудсандаа “Гэртээ карантинд суугаад хүмүүс миний тухай юу бичиж байгааг уншиж сууна. Дэлхий тэр чигээрээ карантинд орж, бүх улсын Засгийн газар, алдартнууд халдвар тараахгүйн тулд аюулгүй байдлаа сахихыг уриалж байна. Харин Хабиб би ямар ч үүрэг хариуцлага байхгүй, дэлхий тойрон нисэж, эрүүл мэнд, амь насаа эрсдэлд оруулах хэрэг үү? Тулаан явагдахгүй болсонд би та нараас илүү харамсаж байна. Тулааны дараа надад хийх маш олон ажлын төлөвлөгөө байсан ч би байдлыг хянаж чадахгүй шүү дээ. Өдөр бүр л байдал өөрчлөгдөж байна. Харин Хабиб юу ч болж байсан тулалдах ёстой гэж үү? Хүмүүс ээ, өөрсдийгөө миний оронд тавиад үз дээ” гэж бичсэн байна.
Ингэхээр Хабиб, Тонигийн тулаан болохгүй нь тодорхой болжээ. Хараал туссан тулаан тав дахь удаагаа цуцлагдлаа.
Гэхдээ Хабибийн фэнүүд түүний мэдэгдлийг дөрөвдүгээр сарын 1-ний наргиан гэж үзэн, тулаан болоход итгэсэн хэвээр байна.
Сэтгэгдэл ( 0 )