Юсуп Абдусаламов: Зайнаас дасгалжуулж байна

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 10

Олимп, дэлхий, Азийн наадмын мөнгөн медальт Юсуп Абдусаламов 2013 оноос хойш Польшийн чөлөөт бөхийн шигшээ багийн дасгалжуулагчаар ажиллаж байна. Коронавирус, хөл хорионы үед ажил нь хэрхэн явж байгаа талаар тэр ОХУ-ын хэвлэлд ярилцлага өгчээ.

-Польшид халдварын тархалт ямар байна?

-Энэ сарын 7-ны байдлаар Польшид 4850 хүн халдвар авч, 129 хүн нас баран, 200 гаруй хүн эдгэсэн байгаа. Шигшээ багийнхан бүгд гэртээ сууж, өөрийгөө тусгаарласан. Үйлдвэр, сургуулиуд хаагдаж, оюутнууд зайнаас хичээллэж байна. Нийтийн унаа тээвэр ажиллаж байгаа. Гадуур зугаалахдаа 1-2 хүн л хамт явж болно. Маск зүүж байгаа хүн цөөхөн, бүгд л ариутгах хэрэгсэл хэрэглэж байна. Ариутгалын барааны үнэ өссөн ч бусад барааны үнэ хэвээр байгаа. Хүнсний дэлгүүрүүд ажиллаж байгаа ч бас урьдчилан сэргийлэх арга хэмжээ авсан. 12:00 цаг хүртэл ахмад хүмүүс, дараа нь бусад нь үйлчлүүлнэ. Нэг кассад гурван хүн гэх мэт зайгаа барьж, зогсоно. Дэлгүүрт орж ирэхэд бээлий, спиртийн уусмал өгч байгаа. Соёл урлагийн газрууд, сүм хийд хаагдсан. Ард иргэд энэ шийдвэрүүдийг ойлгон хүлээж авч байгаа. Байдал хэцүү байгааг бүгд ойлгож байгаа ч сандарч тэвдсэн хүн байхгүй.

-Карантины үед цалин өгч байгаа юу?

-Улсаас энэ үед бизнесийн салбарынханд цалин хөлс олгоход нь тусалж байгаа. Над шиг улсын төсвөөс цалинждаг хүмүүст цалинг хуучны адил бүтэн олгож байна. Эхлээд дасгалжуулагч нарыг зайнаас ажлаа хийхгүй бол цалин олгохгүй гэж байснаа больсон.

-Зайнаас ажиллах ёстой болж байна уу?

-Би зайнаас онлайн ажиллаж байгаа. Карантины үеэр хийх ажлын төлөвлөгөөгөө Спортын яаманд өгсөн байгаа.

-Польшийн шигшээ баг тэгвэл бэлтгэл хийсээр байгаа юм уу?

-Шигшээгийн бөхчүүдэд гэртээ хийх хувийн даалгавар өгсөн. Өглөө гантель, штангтай хүчний дасгал хийнэ. Дараа нь “сүүдэртэйгээ барилдах” буюу дайрч байгаа бөхтэй барилдаж байна гэж төсөөлөн, хамгаалж, сөрөг довтлох барилдааны бэлтгэлтэй. Энэ бэлтгэлийг зургаан минутаар өдөрт гурван удаа хийнэ. Орой нь сунгалттай. Сунгалт хийснээр булчин бэхжиж, гэмтэл авах эрсдэл багасдаг. Онолын хичээл орно. Би тэдэнд дараагийн тэмцээнүүдэд таарч болох өрсөлдөгч нарынх нь нэрийг явуулсан. Тэд өрсөлдөгч нарынхаа барилдааны бичлэгийг үзэж, хүчтэй, сул талыг нь тодорхойлох даалгавартай. Ингээд дараа нь хамтдаа дүн шинжилгээ хийж байгаа.

-Олимпын эрхийн төлөөх тэмцээнд энэ хөл хорио хэрхэн нөлөөлөх бол?

-Ямар ч юм сайн, муу хоёр талтай. Одоо бүгд ижил нөхцөлд байна, бүх тамирчинд олимпод бэлтгэх хангалттай цаг гарлаа. Манайх олимпын ганц эрх аваад байгаа. Дахин дөрвөн жинд эрх авах зорилготой. Бөхчүүд маань хөл хорионы үед цагаа ашиглан, бэлтгэлээ хийж байх ёстойг сайн ухамсарласан байгаа.

-Хөл хорио хэзээ дуусах вэ?

-Дөрөвдүгээр сарын 11 хүртэл гэж байсан ч сунгах нь тодорхой. Карантинаас болж, улс орны эдийн засаг сүйрнэ гэж ярих хүн ч байна. Тамирчдын хувьд зургаадугаар сарын 1 хүртэл карантинтай. Гэхдээ ганц бэлтгэлийн төвийг нээгээд хэд хэдэн гол спортын төрлийн шилдэг тамирчид эмчийн хяналт дор бэлтгэл хийж магадгүй байгаа. Хэрэв зөвшөөрөхгүй бол зун болтол зайнаасаа ажиллана даа.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top