Бединеишвили: Олимп энэ жил болсон бол Баджранг Пунияд ашигтай байлаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 11

Энэтхэгт ажиллаж байгаа Гүржийн мэргэжилтэн Шако Бединеишвили Оросын хэвлэлд ярилцлага өгч, коронавирус болон хөл хорионы үед түүний шавь Баджранг Пуния хэрхэн цагийг өнгөрөөж байгаа талаар ярьжээ.

-Та одоо Энэтхэгт байна уу, эсвэл нутаг харьсан уу?

-Тбилис дэх гэртээ хариад хоёр хонож байна. Гүрждээ ирээд Кварели амралтын газарт 14 хоног тусгаарлагдсан. Гадаадаас ирж байгаа хүн болгоныг карантинд байлгаж байгаа. Амбассадор, Рэдиссон, Холидей Инн зэрэг хамгийн үнэтэй, том зочид буудлуудад тараан байрлуулдаг. Энэтхэгт ажиллаж байсан гадаадын мэргэжилтнүүд эрт гараад явсан. Би харин нислэг олох гэж их удсан. Бараг гацах шахсан. Гүржийн Гадаад Хэргийн яамны дэд сайд найз минь тус болж, Энэтхэгээс гарсан сүүлийн онгоцонд суугаад Эмиратаар дамжин, нутагтаа ирсэн.

-Гүржид 218 халдвар илэрч, 3 хүн амиа алджээ. Бусад улстай харьцуулахад халдварыг тун сайн даван туулж байна гэж Гүржийг дэлхийд магтаж байна.

-Гүржийг жишээ болгон ярьж байгаа улс олон байна. Гэхдээ сэтгэл амарч, тайвширч болохгүй. Энд оройны 21 цагаас өглөөний 06 цаг хүртэл гадагш гарч болохгүй. Бусад үед дэлгүүр, эмнэлэг зэрэг онц шаардлагатай тохиолдолд л гарж болно. Хорионы журам зөрчвөл 1000 ам.долларын торгуультай. Давтан зөрчвөл 3 жил хорих ялаар ч шийтгэж болно.  

-Гүржийн Засгийн газраас иргэдийнхээ цахилгаан, дулааны төлбөрийг гурван сар даах болсон гэж дуулсан.

-Орлого багатай айлд тун том тусламж. Засгийн газраас ард иргэдээ энэ хэцүү үед дэмжих бүхий л алхмыг авч байна. Гадаадад байгаа гүрж иргэдээ тусгай үүргийн онгоцоор бүгдийг нь аваад ирсэн.

-Шавь нартайгаа холбоотой байгаа юу?

-Өдөр болгон холбогдож байгаа. Энэтхэгт байгаа миний туслах тамирчдаа хянаж байна. Баджранг өдөрт нэг бэлтгэл хийж байгаа. Гэхдээ формоо хадгалах энгийн дасгалууд л хийх боломжтой.

-Олимп хойшлогдсон нь Баджрангт сайн уу, муу юу?

-Сайн байгаасай гэж хүсэж байна. Гэхдээ Токиогийн олимп яг хугацаандаа явагдсан бол бидэнд сайн байлаа. Өнөөдрийн байдлаар Баджранг жингийнхээ тэргүүлэгчдийн нэг. Энэ байраа дахин нэг жил хадгалахад хүндрэл мэдээж гарч ирнэ. 57 кг-ийн жингийн Азийн аварга, ДАШТ-ий медальт Рави Кумар ч мөн адил. Рави 6-7 кг хасдаг бөх. Жил ирэх тусам жин хасахад хүндрэлтэй болж байгаа. Олимпын хос медальт Сушил Кумар ирэх жил 38 нас хүрнэ. Түүнд бас хохиролтой. Харин 2015 оны ДАШТ-ий медальт Нарсингх Ядавт ашигтай болсон. Түүний дөрвөн жилийн торгуулийн хугацаа энэ жил дуусаж байгаа. Тэгэхээр олимпын эрхийн тэмцээнд орох боломжтой болж байгаа юм.

-Энэтхэгийн чөлөөт бөхийн олимпын гол найдвар нь Баджранг Пуния юу?

-Бүгд л түүнд найдаж байна. Гэхдээ 65 кг-ийн жинд маш олон сайн бөх бий. Хамгийн өрсөлдөөнтэй жин гэхэд болно. Мэдээж олимпын аварга болохын төлөө бид ажиллах ч Баджранг ямар ч өнгийн медаль авсан амжилт гэж тооцно.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top