ХЭҮК-ийн дарга Ж.Бямбадорж УИХ-ын даргатай уулзаж байна

Б.Эрхэс | Zindaa.mn
2020 оны 04 сарын 14

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийн "Амьдрах ухаан төсөл" төрийн бус байгууллагын тэргүүн Г.Загдаатай утсаар ярьж байгаа бичлэг олон нийтэд түгсэн билээ. Үүнтэй холбогдуулан Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадорж өчигдөр /2020.04.13/ мэдээлэл хийсэн.

Тэрбээр энэ үеэрээ "Намайг утсаар ярьсан бичлэгээр жил шахам их дарамталж байна. Би “Чи хүнтэй арслан, бар шиг харьцах юм. Хүмүүстэйгээ зөв харьцаач ээ” гэдэг хэсгийг хассан байсан. Хүн гөлөгтэй хамгийн энхрий харьцдаг шүү дээ. Чи хүнтэй хүнлэг харьц гэж хэлсэн. Тэнд янз бүрийн хүн очиж байгаа учраас Г.Загдаагийн уурыг хүргэдэг байх. Тэр бол миний хоолой мөн. Тэр ярианы өмнө 40 орчим минутын яриа байсан. Хууль бус үйл ажиллагаагаа зогсоо гэж аргаа ядахдаа “Чи нэг иймэрхүү байгаач” гэж хэлснийг минь олзолж байна. Би тэр хүмүүсийг битгий зодож, хараагаасай гэсэндээ аргаа барсандаа тэр үгийг яриан дундаа хэлсэн" гэх тайлбарыг өгсөн байдаг. 

Тэгвэл яг одоо Төрийн ордонд УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг дуудаж, уулзаж байна.

Албан бус эх сурвалжийн мэдээлснээр УИХ-ын дарга Г.Занданшатар Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Бямбадоржийг хариуцлага хүлээж, албан тушаалаа хүлээлгэж өг хэмээн хэлжээ.   

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
хн(77.38.148.28) 2020 оны 04 сарын 14

энэ нехер ганц угний алдаанаас болж ажилгуй болж байгаа юмуу, уг нь сайн л юм шиг байсан даа.

0  |  0
Top