“Ногоон чөлөөлөлт” санаачилгын хүрээнд Дорноговь аймгийн Замын-Үүд суманд хүнд даацын цахилгаан автомашин цэнэглэх дэд бүтцийн эхлэл тавигдлаа. Цаашид Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд долоон ногоон өртөө байгуулж, 200 цахилгаан ачааны автомашиныг тээвэрт нэвтрүүлэхээр төлөвлөжээ.
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь “Гэгээн” нарны цахилгаан станцад түшиглэн хүнд даацын цахилгаан ачааны автомашин цэнэглэх дэд бүтцийг нэвтрүүлэх ажлыг эхлүүлжээ.
“Монложистикс групп” 2026 оны наймдугаар сард Улаанбаатар–Замын-Үүд–Улаанбаатар чиглэлд хүнд даацын бүрэн цахилгаан автомашинаар туршилтын тээврийг амжилттай зохион байгуулсан байна. Улмаар туршилтын тээврийг тогтмол үйлчилгээнд шилжүүлэх зорилгоор цэнэглэх дэд бүтцийг байгуулах ажлыг эхлүүлж байгаа юм.
Төслийг “Монложистикс групп”, “Эм эм эс инженеринг” ХХК болон CU хамтран хэрэгжүүлж байна.
Ерөнхий сайд Н.Учрал 11 дүгээр сарын 7-нд төслийн үйл ажиллагаатай танилцах үеэрээ ногоон шилжилт нь эдийн засгийн хөгжлийн шинэ боломж болохыг онцолж, түлшний импортод зарцуулдаг хөрөнгийг дотоодын эдийн засагт үлдээх боломж бүрдүүлж буй инженер, ажилтнуудад баяр хүргэжээ.
Мөн ногоон өртөө байгуулах, эрчим хүчний үйлдвэрлэлийг өргөжүүлэх хувийн хэвшлийн санаачилгыг Засгийн газар дэмжихээ илэрхийлсэн байна. Энэ хүрээнд зөвшөөрөл олгох үйл ажиллагааг шуурхайлах, давхардсан шаардлага, хүнд суртлыг бууруулах шаардлагатайг тэмдэглэжээ.
Түүнчлэн хилийн боомтод цахилгаан автомашинд зориулсан ногоон гарц бий болгох боломжийг судалж, холбогдох арга хэмжээ авахыг Зам, тээврийн яам болон Чөлөөт бүсийн удирдлагад үүрэг болгосон байна.
Монгол Улс жилд хоёр тэрбум ам.долларын дизель түлш импортолдог бөгөөд үүний 600 сая ам.долларыг ачаа тээврийн салбарт зарцуулдаг гэсэн тооцоог төслийн хүрээнд танилцуулжээ. Хүнд даацын цахилгаан автомашины анхны худалдан авалтын үнийн зөрүүг ашиглалтын зардлын хэмнэлтээр хоёр жилийн хугацаанд нөхөх боломжтой гэж үзэж байна.
Төслийн хүрээнд 2027–2030 онд Замын-Үүд–Улаанбаатар чиглэлийн авто зам дагуу долоон ногоон өртөө байгуулахаар төлөвлөжээ. Эдгээр өртөө нь нарны цахилгаан станц, эрчим хүч хуримтлуулах систем, түргэн цэнэглэгчээс гадна 24 цагийн хоолны газар, амрах цэг, дэлгүүр, кофе шоп зэрэг үйлчилгээтэй байх юм.
Төслийн тооцооллоор 200 цахилгаан ачааны автомашиныг тээвэрт нэвтрүүлснээр жилд 6.4 сая ам.долларын түлш хэмнэж, импортын тээврийн зардлыг 40 хүртэл хувиар бууруулах боломжтой аж. Мөн орон нутагт түр болон байнгын 100 гаруй ажлын байр бий болгохоор төлөвлөсөн байна.
Цаашид уул уурхайн салбарын хүнд машин механизмыг цахилгаан болон бусад цэвэр технологид шилжүүлэх ажлыг эрчимжүүлэхээр зорьж байгаа юм. Тус салбарын дизель түлшний хэрэглээнд жил бүр 1.2 тэрбум ам.доллар зарцуулдаг бөгөөд томоохон зургаагаас долоон уурхайг цэвэр технологид шилжүүлэх нь түлшний хэрэглээг бууруулах боломжтой гэж үзэж байна.
Одоогоор “Оюу толгой” компани цахилгаан автомашины туршилт хийж байгаа бол МАК компани уурхайн эрчим хүчний хэрэглээг сэргээгдэх эх үүсвэрээр хангах ажлыг хэрэгжүүлж байна.
Хүнд даацын ачаа тээврийг цахилгаанжуулах энэхүү төсөл нь дизель түлшний импортын хамаарлыг бууруулах, тээврийн зардлыг хэмнэх, сэргээгдэх эрчим хүчний хэрэглээг нэмэгдүүлэхэд чиглэж байна.

Сэтгэгдэл ( 0 )