Даамын холбоо Дэлхийн аваргын бүтээлийг цувралаар гаргана

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 15

Дэлхий дахиныг хамарсан цар тахлын улмаас спортын бүх тэмцээн, уралдаан цуцлагдаад байна. Тамирчид гэр гэртээ бэлтгэл хийж, спортын заал танхим хоосроод байгаа билээ.

Харин энэ үеийг үр бүтээлтэй ашиглан, манай даамын холбооноос даам сонирхогчдодоо хоёр шинэ номоор бэлэг барилаа.
 


Олон улсын их мастер Р.Манлай даамын дэлхийн 7 удаагийн аварга И.Куперманы шилдэг бүтээл болох “Практик комбинац” хэмээх цуврал номын эхний хоёр дэвтрийг орчуулан гаргалаа.

Тодруулбал, 31 болон 32 дугаар буудлаас эцсийн цохилт хийж буй 750 орчим бодлого бүхий тус номын ач холбогдол нь тоглолтын үеэр тохиолдсон практик жишээнүүд байгаад оршиж байгаа юм. Зохиогч болон авторуудын нэрийг кириллээр хөрвүүлж, бодлогын шийдийг шалгахад хялбарыг бодолцон арын хуудсанд хариуг нь бичжээ. Номыг спортын мастер Ц.Алтанхуяг хянан тохиолдуулсан байна. Ном тус бүр 8000 төгрөгийн үнэтэй.
 


Та бүхэндээ дархлаагаа дэмжиж, хорио цээрийн дэглэмийг чанд сахин, онлайн тэмцээндээ идэвхтэй оролцож, гэртээ даамын бодлогоо бодож, бэлтгэлээ базаахыг зөвлөж байна. Удахгүй тэмцээн уралдаан сэргэж, хөлгийн ард уулзах мөч ирэх биз ээ.

Олон улсын их мастер Р.Манлай өмнө нь 2017 онд "Александр Балякин: Шилдэг 10 өрөг", 2018 онд "Гадсан байрлалын цохилтууд", "Сонгомол байрлалын цохилтууд" ном гаргаж байсан юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top