ОХУ-ын дагестан бөх Магомедрасул Газимагомедов саяхан “ОХУ-ын Гавьяат тамирчин” боллоо.
Түүнтэй Дагестаны чөлөөт бөхийн холбооны сэтгүүлч уулзан ярилцсан байна.
-2015 онд дэлхий, Европын наадамд түрүүлж, 2018 онд дэлхийн хошой аварга болсон бөх дөнгөж одоо Гавьяат тамирчин болж байгаа нь гайхалтай. Хуучин ЗХУ-ын үед дэлхийн аварга болоод харихад нь онгоцны буудал дээр цолыг нь өгдөг байсан. Яагаад ийм удав?
-Одоо цолыг онооны системээр дүгнэдэг болсон гэсэн. Яг ямар систем гэдгийг нь мэдэхгүй. Олимпын бус жинд барилддаг болохоор оноо дутуу гэж надад хэлж байсан. Гэхдээ би үнэмлэхээ аваагүй л байгаа. Бас удаан хүлээж магадгүй.
-Чи урьд нь 70 кг, харин одоо олимпын 74 кг-ийн жинд барилдаж байна. Өрсөлдөгчдөөсөө бие жижигдэж байна уу?
-Миний ажлын жин бол 76 кг. Надад бол жижигдээд байгаа юм байхгүй ч ганц хоёр кг нэмэхэд болж л байна.
-Хорио гээд ёстой л жин нэмдэг цаг биш үү?
-Нэмэх зорилго байхгүй. Урьд өмнөх шигээ л хооллож байгаа.
-Хөл хориогоор гэртээ удаан суух үед зөв хооллох дэглэм шаардлагатай.
-Би хоолны дэглэм бариад байдаггүй. Зөгийн бал, самар, жимс, ногоо иднэ. Эхнэр ямар хоол идэх вэ гэж асуудаг ч би хийснийг нь л иддэг.
-Карантины үеэр яаж формоо хадгалж байна даа?
-Би Махачкала хотын ойролцоо хувийн байртай. Хашаандаа өдөрт нэг удаа бэлтгэл хийж байна. Хүч, тэсвэрийн бэлтгэл, дасгал хийдэг. Бас найзтайгаа хамт кросс гүйнэ.
-Кросс гүйнэ гэдэг өөрийгөө тусгаарлах дэглэм зөрчиж байгаа хэрэг биш үү?
-Бид тосгоноос хол гүйдэг болохоор хэнтэй ч тааралддаггүй. Бусад үед шаардлагагүй бол гэрээсээ гарахгүй байгаа.
-Манай дагестанчууд коронавирусний аюулыг хэт дөвийлгөөд байна гэж ярьдаг. Таны бодол?
-Дагестанд халдвар авсан хүний тоо цөөхөн болохоор тэгж ярьж байгаа юм. Цөөхөн байна гэдэг сайн хэрэг. Гэхдээ хэн ч энэ өвчнийг тусаж болно гэдгийг анхаараарай. Хятадад юу болсон, одоо Европ, АНу-д юу болж байгааг хар л даа. Тэнд ч хятад вирусийг ирэхгүй, өөрсдөө тусахгүй гэж бодож байсан байх. Тийм болохоор аюулгүй байдлын дүрэм журмыг сахих хэрэгтэй.
-Гэртээ юу хийж, цагийг өнгөрөөж байна вэ?
-Гэр бүл, эцэг эхтэйгээ цаг өнгөрөөж байна. Ном уншиж, инстаграм үзнэ.
-Барилдааны бичлэг үздэг үү?
-Аав бөх үзэх дуртай. Заримдаа хамт бичлэг үзэхээр маш олон асуултад хариулах хэрэгтэй болдог.
-Аав чинь сүүлчийн Европын аваргын тэмцээний финалд Франко Чамизотой хийсэн барилдааныг чинь асууж байгаа байх даа?
-Шүүлтийн асуудал байсан. Гэхдээ энэ талаар одоо яриад ч яах билээ. Эргүүлж чадахгүй хойно.
-Токиогийн олимпын 74 кг-ийн жинд АНУ-аас хэн оролцох бол? Жордан Барроуз уу, Кайл Дейк үү?
-Мэдэхгүй. Боломж тавь тавин хувь. Сонголтын барилдаанд хэн форм сайтай байгаа нь л ялна.
-Тэгвэл 97 кг-д Кайл Снайдер уу, Жейден Кокс уу?
-Бас л адилхан сонгон шалгаруултанд хэн формтой орсон нь ялна. Энэ жинд маш сайн иран бөх байгааг мартаж болохгүй. Гэхдээ манай Садулаевтай өрсөлдөх бөх байхгүй.
Сэтгэгдэл ( 0 )