МҮОХ-оос цахим илтгэлийн уралдаан зарлалаа

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 20

МОНГОЛ УЛСЫН ЕРӨНХИЙ БОЛОВСРОЛЫН СУРГУУЛИУДЫН БИЕИЙН ТАМИРЫН БАГШ НАРЫН ДУНД ЗОХИОН ЯВУУЛАХ

“СУРАГЧДЫН БИЕ БЯЛДРЫН ХҮМҮҮЖИЛ - ОЛИМПИЙН БОЛОВСРОЛ БА КОВИД-19”

СЭДЭВТ ЦАХИМ  ИЛТГЭЛИЙН УРАЛДААНЫ ЕРӨНХИЙ УДИРДАМЖ

НЭГ. Нийтлэг үндэслэл

Дэлхий нийтэд тархаад буй ковид-19 цар тахлын улмаас 190 гаруй оронд бүх төрлийн шатны сургалтын байгууллагын үйл ажиллагаа бүрэн зогсож, тэрбум гаруй сурагчид сургалтад хамрагдаж чадахгүй байгаа билээ. Энэхүү хүнд нөхцөл, гамшгийн хор уршгаар гэр орныхоо нөхцөлд байгаа сурагчдын идэвхтэй хөдөлгөөний хэм хэмжээ хомстолд орж, бие махбодийн дархлаа сулрах, сэтгэл зүйн сөрөг өөрчлөлт гарах зэрэг үр дагавар нэмэгдэх шинжтэй болсныг олон улсын эрдэмтэн, судлаачид батлан мэдэгдэж байна.

Монгол улсын хувьд ч сурагчид олон сараар хичээл, сургалтад хамрагдаагүйн улмаас дээрх үр дагаврууд ихээхэн ажиглагдаж байна.

Ковид-19 цар тахлын дараах хүн төрөлхтний хоорондох харилцаа, өөртөө хандах хандлага, нийгэм, эдийн засгийн салбаруудын өнгө төрх, үйл ажиллагааны бодлого, чиглэл, агуулга, зохион байгуулалтын хэлбэрт ихээхэн өөрчлөлт орох нь тодорхой байна.

Монгол улсын биеийн тамир, спортын салбарт ч энэ бүхэн хамаатай байх нь тодорхой юм. Ялангуяа ерөнхий боловсролын сургуулийн сурагчдын бие бялдрын хүмүүжлийн асуудлыг шинэ өнцгөөс харах, агуулга, хэлбэрийг нь ковид-19-ийн дараах шинэ нөхцөл байдалд үр дүнтэйгээр боловсруулан хэрэгжүүлэх шаардлага бидний өмнө тулгараад байна. Энэхүү чухал ажлыг манай биеийн тамирын багш нар гардан хийх нь тодорхой юм.

Монголын үндэсний олимпийн хороо/МҮОХ/, Монголын үндэсний олимпийн академи/МҮОА/-аас хамтран манай улсын Ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш нарын дунд “Сурагчдын бие бялдрын хүмүүжил - Олимпийн боловсрол ба Ковид-19” сэдэвт цахим илтгэлийн уралдааныг зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Цахим илтгэлийн уралдааныг зохион байгуулах үйл ажиллагааг аймаг, дүүргийн Боловсрол, соёл, урлагийн газар, Олимпийн зөвлөлүүд хамтран хэрэгжүүлнэ.

ХОЁР. Цахим илтгэлийн уралдааны зорилго, хугацаа, хамрах хүрээ

  • Зорилго: Ковид-19 цар тахлын үеийн болон түүний дараах үеийн нөхцөлд сурагчдын бие бялдрын хүмүүжлийн ажил, олимпийн боловсрол, биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулга, зохион байгуулалтыг боловсронгуй болгох, сурагчдын бие бялдрын хөгжил ба бэлтгэлжилтийн төвшинг хадгалах, дээшлүүлэх, биеийн тамирын багш нарын ажлын хариуцлагыг дээшлүүлэх, сэтгэлгээний өөрчлөлт, бүтээлч идэвхийг өрнүүлэхэд шаардлагатай оновчтой санал, санаачлал, дүгнэлтийг нэгтгэж зангидахад  оршино.
  • Хамрах хүрээ: Цахим илтгэлийн уралдаанд манай улсын ерөнхий боловсролын сургуулийн биеийн тамирын багш, дасгалжуулагч  нар хамрагдана.
  • Хугацаа: Цахим илтгэлийн уралдааныг 2020.04.20-05.20-ны өдрүүдийн хугацаанд зохион явуулна.

ГУРАВ. Цахим илтгэлийн уралдааны зохион байгуулалт

Цахим уралдаанд оролцогч нь өөрийн илтгэлийг 2020 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн дотор Moochimg@gmail хаягаар ирүүлэх бөгөөд дараах шаардлагыг хангасан байна.

  • Илтгэл нь А4 хэмжээтэй 6-10 хуудас /бичвэр, зураг, хүснэгт/ болохуйц багтаамжтай байна.
  • ARIAL фондоор, цаасны бүх талаасаа 2,5см, мөр хоорондын зай 1-1,5, үсгийн хэмжээ 12 pt, Гарчгийг 1-3 мөрөнд багтаан 12 р, BOLD хэлбэрээр хуудсанд голлуулж бичнэ.
  • Гарчгаас нэг мөр хоосон зай аваад зохиогчийн нэрийг цаасны зүүн зах руу тэгшилж 12 pt, ITALIC хэлбэрээр бичих ба гол зохиогч буюу илтгэгчийн нэрийг доогуур нь зурна.
  • Илтгэлийн нэр, зохиогчийн овог нэр, эрдмийн зэрэг цол, байгууллага, цахим хаяг/email/, илтгэлийн хураангуй, түлхүүр үг, илтгэлийн үндсэн хэсэг, дүгнэлт зэргээс бүрдэнэ.

Цахим илтгэлийн уралдааны илтгэлийн бүтэц, агуулгад дараах сэдвүүдийг заавал оруулсан байх шаардлагатай.

  • Ковид-19 цар тахал нь сурагчдын эрүүл мэнд, идэвхтэй хөдөлгөөнд хэрхэн сөргөөр нөлөөлж буй байдал;
  • Хичээл сургалтын үйл ажиллагааг зогсоосон өнөөгийн нөхцөлд сурагчдын идэвхтэй хөдөлгөөнийг хэрхэн хангах талаар санал, дүгнэлт, санаачлал, боломж, гаргалгаа;
  • Коронавирусийн дараах нөхцөлд сурагчдын бие бялдрын хүмүүжлийн ажлын тогтолцоонд оруулах өөрчлөлт, оновчтой санал, дүгнэлт;
  • Биеийн тамирын хичээлийн хөтөлбөрийн агуулга, зохион байгуулалтад орох өөрчлөлтийн талаар санал, дүгнэлт;
  • Биеийн тамирын багш нарын хөдөлмөрийн үнэлэмж, ажлын хариуцлага, бүтээлч идэвх санаачлалыг дээшлүүлэх арга зам, шийдэл;
  • Олимпийн боловсролоор дамжуулан сурагчдын соёл, хүмүүжил, төлөвшилтөд хэрхэн нөлөөлөх талаар санал дүгнэлтийг заавал оруулсан байна.

ДӨРӨВ. Шагнал урамшуулал

Шилдэг илтгэлүүдийг шалгаруулах ажлын хэсгийг МҮОХ-ны шийдвэрээр байгуулна.

Ажлын хэсгээс улсын хэмжээний 6 илтгэлийг шалгаруулж, шагнаж урамшуулна.

  • I   байр: Цом, өргөмжлөл, мөнгөн шагнал, МҮОХ-ны дурсгалын зүйлс;
  • II   байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, МҮОХ-ны дурсгалын зүйлс;
  • III байр: Өргөмжлөл, мөнгөн шагнал, МҮОХ-ны дурсгалын зүйлс;
  • Тусгай байр 3: Өргөмжлөл, мөнгөн шагнал, МҮОХ-ны дурсгалын зүйлс;

Шилдэг 33 илтгэлийг эмхтгэн, товхимол бэлтгэж хэвлэн гаргана. Цахим илтгэл ирүүлсэн оролцогч бүрт МҮОХ, МҮОА-ын “Батламж” олгоно.

Холбоо барих: 99040530, 99726666

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top