Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн үндэсний хороо, Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газраас жил бүрийн дөрөвдүгээр сард зохион байгуулдаг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ 9 дахь жилдээ зохион байгуулагдаж байна.
Энэ жилийн хувьд дэлхийн нийтэд эрчимтэй тархаж буй “COVID-19” цар тахлаас урьдчилан сэргийлэхийн тулд олон нийтийг хамарсан төрөл бүрийн арга хэмжээг зохион байгуулахгүй байх шийдвэрийг Улсын онцгой комиссоос гаргасан билээ. Тиймээс “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2020” арга хэмжээ болон үйлдвэрлэлийн орчин нөхцөлийг сайжруулах, ажилтныг ажлын байран дахь осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл бусад эрсдлээс сэргийлэх зөвлөгөө мэдээллийг цахим хэлбэрээр олон нийтэд хүргэсээр байна.
Зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн ажлын байран дахь шуугиан нь ажилтны эрүүл мэндэд хэрхэн сөрөг нөлөө үзүүлдэг талаар Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төвийн Хөдөлмөрийн эрүүл ахуйч А.Цэнгэлмаатай ярилцлаа.
-Ажлын байрны шуугиан гэж юу вэ? Үйлдвэрлэлийн салбарт зөвшөөрөгдсөн хэмжээнээс хэтэрсэн ажлын байран дахь шуугиан элбэг тохиолддог уу?
-Дуу шуугиан нь ажлын байранд хамгийн түгээмэл тохиолддог эрүүл мэндэд аюултай хүчин зүйл төдийгүй хөдөлмөрийн эрүүл ахуйн тулгамдсан асуудлуудын нэг юм. Зөвхөн үйлдвэр төдийгүй албан тасалгаа, үйлчилгээний байгууллагын ажилтнууд ч шуугианы нөлөөлөлд өртөх бөгөөд шуугианаас ангид ажлын байр ховор.
Техник технологи бүрэн хөгжөөгүй буюу аж үйлдвэрийн хувьсгалаас өмнө ажлын байран дахь аюултай шуугианд харьцангуй цөөн хүмүүс өртөж байсан. Тухайлбал, уурын зууханд ажиллаж байсан ажилтнуудад сонсгол бууралт илэрснээр уг өвчнийг Boilermakers disease буюу уурын зуухчдын өвчин гэж тухайн үед нэрлэж байсан. Үйлдвэрлэлийн салбарт техник, тоног төхөөрөмжийн хувьсгал, механикжуулах үйл ажиллагаа нэвтэрснээр шуугианы асуудал нэмэгдсэн бөгөөд газар тариалан, уул уурхай, эрчим хүч, барилга зам тээвэр, боловсруулах үйлдвэр зэрэг шуугианы өртөлт өндөртэй ажлын байрууд ихээр бий болсон. Дэлхийн хэмжээнд сонсгол алдагдалтай насанд хүрсэн хүмүүсийн 16% нь ажлын байрны шуугианаас үүдэлтэй байдаг. Монгол Улсын хувьд мэргэжлээс шалтгаалсан өвчний улмаас идэвхтэй хяналтад байгаа 3037 тохиолдлын 3.7% буюу 113 нь сонсгол алдагдах эмгэг эзэлж байна.
-Шуугианаас гадна сонсгол алдагдах эмгэгийг үүсгэх өөр ямар шалтгаан байна вэ?
-Сонсгол алдагдах эмгэг нь олон шалтгаантай. Гадна, дунд, дотор чихний цочмог архаг үрэвсэл, халдварт өвчнүүд (тархины мэнэн, сүрьеэ, тэмбүү, ДОХ) г.м мөн бодисын солилцоо, дотоод шүүрлийн хямрал зэргээс сонсгол буурах эмгэг үүснэ. Мэдээж чихээ ухаж байгаад гэмтээх, хүчтэй агаарын даралтаар хэнгэрэг хальсаа хагалах зэрэг нь сонсгол алдагдах эмгэг үүсгэх эрсдэлтэй. Хамгийн гол нь нэгэнт сонсгол алдагдсан бол нөхөн сэргээх боломжгүй болж, эдгэшгүй өөрчлөлтөд ордог. Харин сонсгол алдагдах эмгэгээс урьдчилан сэргийлэх бүрэн боломжтой.
-Тэгвэл сонсгол алдагдах эмгэгээс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?
-Шуугианы 8 цагт жинлэсэн дундаж хэмжилтээр ажилтан 80 дБА буюу сэрэмжлэх төвшнөөс их шуугианд өртөж байгаа нь тогтоогдвол ажил олгогч нь “Сонсгол хамгаалах хөтөлбөр”-ийг “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, Ажлын байран дахь шуугианы өртөлтийн хэмжилт, зөвшөөрөх дээд хэмжээ ажилтны сонсгол хамгаалахад тавих ерөнхий шаардлага MNS 6768:2019” стандартын дагуу хэрэгжүүлэх ёстой. Хөтөлбөр нь дараах бүрэлдэхүүн хэсгүүдтэй байна.
-Сонсгол хамгаалах хөтөлбөрийн нэг хэсэг болох шуугианы өртөлтийн үнэлгээний талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгнө үү?
-Ажил олгогч нь бүх ажлын байрандаа шуугианы тандалт хэмжилтийг хийх шаардлагатай. Тандалт хэмжилтээр сэрэмжлэх төвшнөөс их шуугиантай нь тогтоогдсон бүх ажлын байранд “Шуугианы өртөлтийн суурь үнэлгээ”-г хийнэ. Өртөлтийн үнэлгээгээр 8 цагт жинлэсэн дундаж өртөлт нь сэрэмжлэх төвшнөөс хэтэрсэн ажилтан бүрийг шуугианы өртөлтийн хугацаат мониторингод хамруулах ёстой.
Ажилтны 8 цагт жинлэсэн шуугианы дундаж өртөлтийн төвшин 80 дБА-тэй тэнцүү ба түүнээс хэтэрсэн бол 1 жил тутамд хугацаат мониторинг хийнэ. Багаж төхөөрөмж, үйлдвэрлэлийн процессын шинэчлэл, өөрчлөлт, ээлжит засвар үйлчилгээ хийснээс хойш 3 сарын хугацаанд багтаж шуугианы өртөлтийн хугацаат мониторинг хийдэг. Мөн ажлыг гүйцэтгэх дадал өөрчлөгдөх эсвэл ажилтны сонсголын босго төвшинд илэрхий өөрчлөлт гарсан бол шуугианы өртөлтийн үнэлгээг нарийвчлан хийдэг юм. Шуугианы өртөлтийн суурь үнэлгээгээр ажилтны 8 цагт жинлэсэн шуугианы дундаж өртөлт сэрэмжлэх төвшнөөс хэтэрсэн бол сонсгол алдалтаас урьдчилан сэргийлэх цогц арга хэмжээг хэрэгжүүлэх ёстой
Эх сурвалж: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн төв
Сэтгэгдэл ( 1 )
Баар цэнгээний газар