Буриадын Спорт бөхийн холбооны дэд ерөнхийлөгч Константин Пронькинов Токиогийн олимп нэг жилээр хойшлогдсон нь буриад бөхчүүдэд тун ашигтай боллоо гэж үзэж байна.
Чөлөөтийн эмэгтэйчүүдэд энэ нь цаг хожих ашигтай гэнэ. Учир нь Ирина Ологонова, Вероника Чумикова (57 кг), Анна Щербакова, Ульяна Тукуренова нар гэмтэлтэй байгаа ажээ.
Константин Пронькинов “Тэдэнд гэмтэл бэртлээ эдгээж, олимпын эрхийн тэмцээнд сайн бэлтгэх боломж гарч ирлээ. Залуучуудын багаас насанд хүрэгчдэд шилжсэн Алена Сангадиевад том боломж гарч ирсэн. Тэр Токиогийн олимпын шигшээд ч багтах боломжтой бөх. Стальвира Оршушт санаа зовох зүйл байхгүй. Оршуш жиндээ ОХУ-ын шигшээд ч лидер бөх. Хамгийн гол нь тэр 2021 он хүртэл бэлтгэлээ сайн тохируулах хэрэгтэй” гэж “Номер один” агентлагт мэдээлсэн байна.
Харин эрэгтэйчүүдийн талаар Буриадын алдарт дасгалжуулагч Жамсо Лхамажапов “Дэлхийн бөхийн нэгдсэн холбооноос 2020 онд ДАШТ-ийг Норвегийн Ослод зохион байгуулах байх. ОХУ-ын АШТ 8-9 сард болно. Буриад бөхчүүдэд санаа зовох юм байхгүй. 61 кг-ийн жинд Александр Богомоев илт тасархай байгаа бол 70 кг-д Евгений Жербаев, 125 кг-д Балдан Цыжипов нар Орост жингийнхээ тэргүүн тамирчдын нэг болцгоосон. Энэ бөхчүүд ДАШТ-д оролцох бүрэн боломжтой. Дэлхийгээс медаль авчихвал ирэх оны улсын аваргад итгэл дүүрэн оролцоно. Богомоев 65 кг-д шилжих гээд байгаа ч 61-дээ үлдэх нь дээр гэж би бодож байна. Жаргал Дамдинов, Тамир Гармаев, Алдар Бальжинимаев, Даши Шарастепанов нар ч олимпод оролцох боломжтой” гэж ярилаа.
Жамсо Жалсанович Лхамажапов Буриад, Өвөр Монголын шигшээ багт ажиллаж байсан дасгалжуулагч. 1990-өөд онд Азийн шилдэг бөхчүүдийн нэг байсан ч олимпын наадамд оролцож чадаагүй. ОХУ, Киргизийн шигшээ багт барилдаж байв.
Сэтгэгдэл ( 0 )