Дэлхийн соёлын өвд бүртгэгдсэн Монголын үндэсний спорт тоглоом болох шагайн харвааны анхны төрөлжсөн "Монгол өв" шагайн асар нээлтээ хийлээ. Шагайн спортыг хүүхэд залуучуудад таниулах, судлах, тоглох зорилгоор байгуулагдсан уг төвд нэг дор 50 гаруй хүн тоглох боломжтой аж.
Нээлтийн ажиллагаанд Гавьяат жүжигчин Д.Гүрсэд, "Болор цом"ын эзэн Б.Баттулга зэрэг шагай сонирхогч уран бүтээлчид оролцлоо.
Сонирхуулахад, шагайн харваа 2001 оноос эхлэн үндэсний их баяр наадмын нэгэн төрөл болж албан ёсны дүрэмтэй болсон билээ. Зурхайнаас 9 тохой буюу 4.72 метр зайнаас харвадаг. Зурхайн голд байх хасааг онох бөгөөд харвах хэрэгслийг хашлага, сум гэж нэрлэдэг юм. Одоогоор шагайн харваагаар идэвхтэй хичээллэдэг 18 мянган сонирхогчид бий.
Монгол шагайн харвааг 2015 оны арваннэгдүгээр сарын 28-ны өдөр ЮНЕСКО-гийн Соёлын биет бус өвийн жагсаалтад бүртгэн авсан. Шагай харвадаг хүн аливаа зүйлд нухацтай хандах, зөв шийдвэр гаргах, хүлээцтэй тэвчээртэй байх зэрэг чадвар эзэмшдэг юм.
"Монгол өв" шагайн асар 11-р хороололд байрлаж байна.
Сэтгэгдэл ( 0 )