Ц.Хашчулуун: Даамыг зөв тоглож сурах шиг хэцүү юм байхгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Дэлхийн даамын холбооны мастер, “Дебют” клубийн дасгалжуулагч Цэвээнсүрэнгийн Хашчулуунтай манай сурвалжлагч уулзаж ярилцлаа. Тэрбээр даамын оргил цол болох Олон улсын их мастер цолонд хамгийн ойрхон байгаа, манай урдаа барьдаг шилдэг даамчдын нэг юм.
 

-Он гарсаар коронавирус гэж айхтар өвчин гараад спортын бараг бүх тэмцээн уралдаан зогслоо. Даамны спортын хувьд дотоод гадаадын ямар тэмцээнүүд цуцлагдав? Төлөвлөсөн ямар ажлууд хойшлогдов?

-Шинэ оны эхээр Монголын даамын холбооноос  улсын аварга шалгаруулах хагас шигшээ тэмцээн, Дээд лигийн цувралын нэг тэмцээн, Техник технологийн дээд сургуулийн нэрэмжит өсвөрийн тэмцээнүүдийг зохион байгуулсан. Түүнээс хойш 2-4 дүгээр сард болох байсан бүх тэмцээн цуцлагдаад байна. Өсвөрийн УАШТ, Азийн аваргын тэмцээн, “Чингис опен” тэмцээн, залуучуудын улсын аваргын тэмцээн, сонирхогчдын лигийн тэмцээн зэрэг нийт 10 гаруй тэмцээн явагдах ёстой байлаа. Энэ жил нийт 43 арга хэмжээ, тэмцээн зохион байгуулах байсан ч харамсалтай нь өвчний улмаас есдүгээр сар хүртэл тэмцээн хийх боломжгүй болоод байна. Энэ жилийн хоёрдугаар сард эмэгтэйчүүдийн дэлхийн аваргын халз тоглолт болох байсан ч хойшлогдсон. Өсвөр, залуучуудын дэлхийн аваргын тэмцээнүүд ч бас хэзээ болох нь тодорхойгүй болоод байгаа.

-Коронавирусний халдварын улмаас тэмцээн, сургалт зохион байгуулахыг хориглолоо.  

-Манай даамын спорт бол оюун ухааны спорт тул өөрийн онцлогтой. Интернэт, цахимаар тэмцээн уралдаан зохион байгуулж байгаа. Ер нь цахим орчинд л даамчид маань бэлтгэлээ хангаж байна. Дасгалжуулагчийн хувиар тамирчдадаа гэрээр нь ном үзэх, бэлтгэл хийх даалгавар өгнө. Долоо хоногийн эцсээр шалгадаг. Тамирчидтайгаа байнгын холбоотой байгаа.

-Засгийн газраас фитнесийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрлөө. Харин тамирчид яагаад фитнест зөвшөөрөл олгоод даам, шатар зэрэг спортын сургалтыг хориглосон хэвээр байна вэ гэж бухимдаж байгаа.

-Ер нь бол адилхан л спорт шүү дээ. Нэг дор наймаас доош тооны тамирчин сургалтад хамрагдаж болно гэх мэт тодорхой тоо заагаад өгвөл зүгээр байсан юм болов уу. Даамчид цуглаад бэлтгэл хийхэд хоорондоо ярилцаж, санал солилцох гэх мэтээр бэлтгэлийн үр дүн илүү байдаг.

-Энэ олон сар хичээл сургалт явуулахгүй болохоор спорт холбоод, клубүүдийн санхүүгийн байдалд сөргөөр нөлөөлж байгаа юу? Энэ бэрхшээлийг хэрхэн даван туулж байна? Цаашдаа удаан үргэлжлээд байвал яах вэ?

-Байрны түрээснээс эхлээд бэрхшээл нэлээд гарч байгаа. Би “Эхлэл” сургуульд багшилдаг. Манай клубийн хувьд “Эхлэл” сургууль дээр байрладаг, түрээс төлбөр гэдэггүй болохоор гайгүй байгаа. Бусад клубт бол хэцүү байгаа нь мэдээж.

-Тамирчид удаан хугацаанд бэлтгэл хийхгүй, тэмцээнд оролцож чадахгүй байхаар формоо алдах гээд асуудал их.

-Удаан тоглохгүй байж байгаад тэмцээнд ороход сандрах, мэгдэх асуудал гарна. Байнгын бэлтгэлгүй байхаар урьд өмнө мэддэг, чаддаг байсан зүйлдээ эргэлзэх, тээнэгэлздэг болчихдог. Мэддэг нүүдлүүдээ хүртэл удаан бодох ч юм уу. Гэхдээ бэлтгэлийн тал дээр бол даамчдад бусад тамирчдаас бага нөлөөлөх болов уу гэж бодож байна. Мэдээж өөрөөсөө илүү, ижил түвшний хүмүүстэй хамт бэлтгэл хийвэл илүү үр дүнтэй байж болох ч ганцаараа бэлтгэл хийхдээ илүү үр ашигтай байдаг тамирчин бас бий. Тухайн хүнээсээ шалтгаална. Бөх гэхэд хөлсөө гаргаж, өрсөлдөгчтэй барилдахгүй бол бэлтгэл болдоггүй. Харин даамын хувьд харьцангуй өөр. Ширээ, сандал байхад л бэлтгэлээ хийчихнэ. Дэлхийн даамны холбооноос онлайн тэмцээнүүд явуулж туршилт хийж байгаа. Даам, шатарт онлайнаар тоглолт хийчихдэг болохоор бусад төрлөөс энэ хорионы цаг үед илүү давуу байгаа. Хоёр хүн хөлгийн араас дэлхийн аль ч өнцгөөс тоглож чадна. Хажууд нь шүүгч байхгүй болохоор программ ашиглаж байна уу, ном харж байна уу гэдэг нь л мэдэгдэхгүй болохоос тэмцээн бол хийгээд байгаа.

-Та хэдэн оноос даамын спортоор хичээллэв? Яагаад даамыг сонгов? Даамын спортын хүнийг өөртөө татах чанар нь юу вэ?

-Би Багануурт өвөө, эмээ дээрээ өссөн. Настай хүмүүс цаг зав ихтэй болохоор янз бүрийн тоглоом тоглоно. Өвөөгөөрөө шатар, даам заалгаад тоглож сурсан. Дараа нь сургуульд ороод хотод шилжиж ирсэн. Ингээд сургуулийнхаа шатрын дугуйланд суралцаж эхэлсэн. Шатрын тэмцээнд ордог байлаа. Нэг удаа манай багш даамын сургуулийн аваргын тэмцээн зохион байгуулаад би байр эзэлсэн юм. Даамын тэмцээнд ордог болоод даамаа сонгосон. Яагаад гэвэл 100 буудалт даам нэг идэлтээр олон хүү иддэг, комбинацийн уран гоё санаа нь надад их таалагдсан. Сүүлдээ бүр амтанд нь ороод улам сайн хичээллэе, эцэст нь хүрэх гээд үзье, ямар байдаг юм бол гээд улам их юм сурах сан гэсэн эрмэлзлээр даам тоглож эхэлсэн. 100 буудалт даамны нүүдлээ бодоод сууж байхад цаг хугацаа зогссон юм шиг сайхан мэдрэмж төрдөг. Бодоод тархиа ажиллуулаад сууж байх дуртай.

-Анхны багш тань өвөө чинь. Дараа нь ямар багш нар дээр хичээллэж байв?

-Сургуульд ороод Д.Элбэг гээд биеийн тамирын багш дээр хичээллэсэн. Дараа нь өсвөр, залуучуудын шигшээд байхдаа СТО-д Т.Пүрэвдорж багш дээр очсон.

-Таны амжилтуудыг харахад 2018 оны Азийн түргэн тоглолтын аварга болж,  блиц, рапид, 64 буудалт даамын төрлөөр улсын аваргын алтан медаль хүртэж байсан юм байна. Харин үндсэн төрлөөрөө улсын аварга болж байгаагүй байна. Ер нь даамны энэ олон төрлөөс ямар төрөл нь танд илүү таалагддаг, зохидог вэ?

-Түргэн тоглолт илүү сонирхолтой байдаг. Өрсөлдөгчөөсөө илүү хурдан сэтгэж, бодож өөртөө итгэлтэй байх юм бол ялдаг.

-Тамирчин хүн болгон өрсөлдөгчтэй байдаг. Таны хувьд хурцлагдаж байдаг өрсөлдөгч гэвэл хэнийг хэлэх вэ?

-Хамгийн хүчтэй өрсөлдөгч бол гавьяат тамирчин, их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал, Р.Манлай нар байна. Мөн Ц.Отгонбилэг, Ц.Сүхбат, Б.Мөнхжин, Ц.Чинзориг, С.Мөнх-Оргил нарын залуучууд хүч түрэн гарч ирж байна. 

-Гавьяат тамирчин Д.Эрдэнэбилэгийг хамгийн их хожиж байсан тамирчин нь таныг гэж даамчид хэлж байсан. Хоорондын тоглолтын харьцаа хэд хэд байгаа вэ?

-Маш олон тэмцээн зохиогддог, бараг тэмцээн болгонд таарч тоглодог болохоор хоорондын харьцаа яг хэдийг мэдэхгүй байна. Нэг жилд бараг арав хэдэн удаа таарч тоглодог. Гэхдээ мэдээж Д.Эрдэнэбилэг ахын ялсан тоо нь илүү байгаа.

-Д.Эрдэнэбилэг гавьяаттай итгэлтэй тоглоод сурчихсан гэж ойлгож болох уу?

-Мэдээж тамирчин болгон л өөртөө итгэнэ. Өөрөөсөө илүү сайн хүнтэй тоглох тусам ялах, хожих гэсэн эрмэлзэл илүү байдаг. Д.Эрдэнэбилэг ахтай тоглоход ямар нэг мэгдэх, сандрах зүйл гардаггүй болохоор илүү сайн, итгэлтэй нүүж чаддаг. Бас ямар нэг дарамт байдаггүй. Өөрөөсөө чансаа доор хүнтэй тоглоход заавал хожих ёстой гэсэн дарамт гардаг. Харин илүү сайн хүнтэй тоглоход тийм дарамт байхгүй болохоор илүү чөлөөтэй байдаг.

-Д.Эрдэнэбилэг гавьяатын тоглолтын онцлогийг хэлбэл?

-Д.Эрдэнэбилэг илүү довтолж, дайрч тоглодог. Өрсөлдөгчөө байрлалаар дарамтална. Сэтгэл зүй, цагт оруулна гээд л.

-Таны өөрийн тоглолтын онцлог?

-Би бас довтолж тоглох дуртай. Довтолно гэдэг өрсөлдөгчид маш олон дарамт үзүүлдэг. Хамгаалж байгаад алдаа гаргах юм бол довтолж байгаа хүн давуу талтай болдог бол довтолж байгаа хүн алдаа гаргахад боломжоо хадгалж үлдэж чаддаг.

-Гадаадын алдартай даамчидтай олон тоглож байсан байх. Дэлхийн есөн удаагийн аварга А.Георгиевтэй тэнцэж байсан гэсэн. Мөн супер их мастер А.Гетманскийг түргэн тоглолтод ялж байсан.

-2017 оны “Монголиа Опен” тэмцээнд дэлхийн аварга А.Георгиевтэй таарч тоглосон. Анх удаагаа таарсан болохоор эхлээд жаахан сандарсан ч цаг дараад тоглолт эхэлснээс хойш ямар ч сандрал байгаагүй. Дэлхийн олон удаагийн аварга хүн надаас илүү байх нь ойлгомжтой болохоор өөрийнхөөрөө л тоглоод үзье гэж бодож байсан. Өөрийнхөө тоглодог өргөө гаргаж тоглож чадсан. Манайхнаас энэ аваргатай тэнцэж байсан тамирчид бол бий. Харин хожиж байсан хүн байхгүй. Энэ тэмцээний үндсэн төрлийн дараа түргэн тоглолт болоход супер их мастер А.Гетманскийг ялах завшаан олдсон.

-Та одоо дэлхийн даамын холбооны мастер цолтой. Их мастер цолонд хамгийн ойрхон байгаа даамчин бол та. Гэтэл та гадаадын тэмцээн уралдаанд цөөхөн орох юм. Уг нь оролцоод оноо цуглуулаад байх хэрэгтэй биз дээ?

-Даамын спортод улсаас тэр бүр тусламж дэмжлэг өгөөд байдаггүй болохоор тамирчид өөрсдөө зардлаа дааж явах болдог. Гэтэл европчууд сар болгон л А зэрэглэлийн том тэмцээнд оролцох боломжтой. Ивээн тэтгэгч хайгаад явахаар даамыг хүмүүс тэр бүр мэддэггүй юм билээ. Хүлээж авах нь өөр байдаг. Тийм болохоор ивээн тэтгэгч олоход хэцүү байдаг. Их мастер цолонд хүрэхийг мэдээж эрмэлзэж байгаа. Их мастерын баллыг нэг нэгээр цуглуулахгүйгээр шууд авах ганц боломж нь Азийн аваргын насанд хүрэгчдийн ангилалд түрүүлэх. Энэ жил тивийн аваргад явах бодолтой байсан ч коронавирусний улмаас тэмцээн цуцлагдчихлаа. Сүүлийн үед Хятадын даамчид огцом сайжирч, тэр хэрээр өрсөлдөөн улам ширүүссэн. Зорилгодоо хүрэхийн тулд зогсолтгүй зүтгэнэ ээ.

-Хятадын даамчид сайжирч байгаа нь тэнд даамын спортын хангалт сайн, тамирчдын цалин тэтгэмж өндөр байдаг байх. Харин манайд зөвхөн даамаа тоглоод амьдралаа аваад явах боломж байдаг уу?

-Тийм боломж хомс. Олимпын биш спорт, үзэгчгүй спорт гээд л хэлдэг. Гэхдээ холбоо маань ч, даамчид бид ч тийм боломж үүсгэхийн төлөө ажиллаж байна. Ямарваа нэгэн спорт хөгжихийн тулд клуб, сургалтын төвүүдийг олноор байгуулах хэрэгтэй. Зүгээр нэг байгуулагдаад зогсохгүй оршин тогтнох нь чухал. Сүүлийн үед Эцэг эхчүүд нар ч ойлгодог болсон. Хүүхдүүдээ их мастер, олон улсын хэмжээний мастеруудад шавь оруулдаг болсон. Тэр чинээгээр даамчдын ур чадвар нэмэгдэж байна. Уйгагүй ажиллаж байж байдал өөрчлөгдөнө.  Өөрсдийн гэсэн даамын ордонтой болох сон гэсэн хүсэл бий. Тэндээ байнга тэмцээн зохион байгуулаад эхэлбэл хүмүүс ч цуглаад тоглоод эхэлнэ.

-Шинэ шавь, тамирчин элсүүлэхэд хүндрэлтэй зүйл гэж байдаг уу?

-Эцэг эхчүүд хүүхдээ шатар, даамын алинд өгөх вэ гэж асуудаг. Хүүхдүүдийг татахын тулд даамын уран гоё тоглолтоор тэднийг татах хэрэгтэй. Сонирхлыг нь татах. Хүүхдэд тохирсон уран сайхан нүүдэл үзүүлэх гээд. Надад нэг байрандаа удаан сууж чаддаггүй сэргэлэн цовоо хүүхдүүд илүү таалагддаг. Тийм хүүхдүүдийн өргийг нь харахаар сэтгэж байгаа нь өөр байдаг. Удаан суугаад, боддог болгож бол цаашдаа өөрөө тэр хүүхэд дааманд дуртай болсон хойно нь сургаж чадна. 

-Маш авьяастай ч бэлтгэл муу хийдэг, харин авьяасгүй тааруухан ч байнгын бэлтгэл хийдэг хоёр тамирчны хэн нь илүү амжилтад хүрэх вэ?

-Мэдээж хөдөлмөрлөж байгаа нь. Авьяас бол амжилтын нэг хувь, 99 хувь нь хөдөлмөр байдаг.

-Таны шавь нар сүүлийн үед тэмцээн уралдаанд амжилттай оролцож байгаа. Гарын хэдэн шавьтай байна?

-Гарын шавь гэвэл хоёр бий. П.Эрхэмбилэг маань 2017 оноос над дээр хичээллэж байгаа. 2018 онд өсвөрийн улсын аварга, 2019 оны түргэн тоглолтын улсын аварга болсон. Мөн өсвөрийн ДАШТ-ээс хүрэл медаль хүртсэн. Тоглолтын арга барил над шиг, их хурдан сэтгэж, түргэн нүүдэг. Надаас илүү нэг тал байгаа нь няхуур. Нөгөө шавь маань Увс аймгаас ирж, бэлтгэл хийдэг Ц.Мягмарсүрэн гэдэг охин. Сүүлийн хоёр жил өсвөрийн дэлхийн аваргад шалгарч оролцсон. Түргэн тоглолтод мөн улсдаа түрүүлсэн, бусад бүх төрөлд медаль авсан хүүхэд. Том тэмцээний өмнө хичээлээсээ чөлөө аваад ирж, бэлтгэл хийдэг. Зуны амралтаараа бас ирнэ. Шавь нартаа найдлага тавьж байгаа.

-Шавь нартаа байнга хэлж, сургадаг үг?

-Нүүснийхээ дараа харамсах биш, нүүхээсээ өмнө дахиад нэг бодоод үз гэж хэлдэг. Би өөрөө яарч нүүгээд ялагдаж байсан тохиолдол олон байдаг. Түргэн нүүдэг болохоор алдаа гарах үе бий. Ийм ялагдлыг сайн мэднэ. Цаг байхад ч түргэн нүүдэг үе олон гарч байсан. Ялалтаа алдах, тэнцэх байснаа хожигдох тохиолдол байлаа. Тийм болохоор шавь нартаа илүү няхуур байгаарай гэж захидаг юм. Даамыг тоглож сурах шиг амархан зүйл байхгүй, даамыг зөв тоглож сурах шиг хэцүү юм байхгүй гэсэн үг байдаг.

-Таны хувьд хамгийн харамсалтай тоглолт?

-Олон тоглолт байгаа. Хамгийн их харамссан нь 2014 оны улсын аваргын тэмцээн. Би тэр үед их сайн тоглож байлаа, улсын аварга болох боломж байсан. Сүүлээсээ гурав дахь өрөг дээр Б.Ганзориг мастертай таарсан. Хожих сайхан боломж байсан ч би өөрөө хурдан нүүгээд ялагдсан. Эхний байрны хоёр их мастер Д.Эрдэнэбилэг, Г.Ганжаргал нар оноо тэнцэж, би хоёр оноо дутсан. Уг нь оноо тэнцсэн бол би түрүүлэх боломжтой байлаа. Учир нь би тэр тэмцээнд хоёр их мастерын нэгийг нь хожоод, нөгөөхтэй нь тэнцсэн байсан. Үүнд маш их харамсдаг.

-Хурдан нүүнэ гэдэг таны төрөлхийн зан уу?

-Өөртөө хэт итгээд, эрддэг л гэсэн үг дээ. Бүрэн төгс нүүлээ гээд дутуу бодоод нүүчихдэг.

-Гадаад дотоодын тамирчдаас хүндэлж явдаг, тоглолт нь таалагддаг даамчныг нэрлэвэл?

-Олон улсын их мастер, дэлхийн гурван удаагийн аварга А.Андрейког шүтдэг байсан. Энэ хүн их залуугаараа нас барсан. Одоо бол А.Георгиевийн тоглолт их таалагддаг. Тэр бол бүх хувилбараар тоглож чаддаг. Задгай байрлалын тоглолт нь их сайн. Яаж ингэж тооцож, нүүж чаддаг байна гэж гайхдаг. Өргийг нь байнга үзэж судална. Монголын тамирчдаас их мастер Г.Ганжаргалын тоглолт таалагддаг. Хувь хүнийх нь хувьд ч хүндэлдэг. Цэвэрхэн тоглодог, өрсөлдөгчтэйгөө их зөв харилцаж чаддаг. Тамирчин хүн гэж ийм байх ёстой байх гэж бодож явдаг.

-Даам бол насны хязгааргүй спорт уу? Эсвэл залуу насандаа амжилт гаргадаг гэж боддог уу?

-Оюун ухааны спорт тул насны хязгаар гэж байхгүй гэж боддог. Даам байнга тоглодог хүний тархи сийрэг байдаг. Өөрсдөө тархиа яаж амраах, сэргээх вэ гэдгээ сайн мэддэг. 2019 онд “Салоу Опен” гэж олон улсын том тэмцээнд 70 гарчихсан их мастер А.Гантварг нэг ч хожигдолгүй түрүүлсэн. Тэр тэмцээнд А.Шварцман, А.Георгиев нарын шилдгүүд бүгдээрээ л оролцсон. Бусад спортыг бодвол даам, шатрын спорт биеэ зөв авч яваад, бэлтгэлээ сайн хийх юм бол олон жил өндөр түвшинд өрсөлдөх боломжтой.

-Таны хувьд яаж тархиа амраадаг вэ? Өөрийн гэсэн арга байгаа юу?

-Нууц арга бол байхгүй. Салхинд гардаг. Цэвэр агаарт гараад ганц нэг хоног амарна. Гол нь тайван байх хэрэгтэй. Том тэмцээний хариуцлагатай тоглолтын өмнө унтаж чадахгүй үе ч байдаг. Тоглолтоо төсөөлөөд л бодож өгнө. Заримдаа тэмцээн огт бодогдохгүй үе ч бий. Дээр хэлсэн хамгийн харамссан ялагдлын дараа толгой бүтэн долоо хоног өвдсөн.

-Бөхчүүд наадам ойртохоор барилдаж зүүдэлдэг гэдэг. Та даам зүүдэлж байв уу?

-Олон удаа зүүдэлж байсан. Би нэг юм хийхээрээ бараг донтдог талтай.

-Та бэлтгэлээ яаж хийдэг вэ?

-Ямар тэмцээн болох гэж байгаагаас шалтгаална. Уртын тэмцээн болох гэж байгаа бол бэлтгэлийн тоглолтоо арай өөрөөр хийх жишээтэй. Түүнээс хийж байгаа бодлого, номоос үзэж байгаа зүйл бол ижилхэн. Өөрөө клубтэй болохоор хүүхдүүдэд зааж байхдаа мартсан юмаа сэргээж, номоо үзчихнэ. Улсын аваргын тэмцээний өмнө өөртөө долоо хоногийн чөлөө гаргаад бэлтгэлээ хийдэг. Том их мастеруудын өргийг судална, ном үзнэ. Сүүлийн үед бэлтгэлийг өдөр болгон тогтмол хийж чадахгүй байгаа. Нэг хийхдээ доод тал нь цаг хагас хэртэй хийнэ. 4-5 бодлого бодсоны дараа өрөг үзнэ.

-Мэдээж тамирчин болгон цаашдаа илүү амжилт гаргана гэж боддог. Гэхдээ одоо бодоход та хэдэн оны үед хамгийн сайн байсан гэж боддог вэ?

-2017 оныг нэрлэнэ. Улсын аваргад сайн оролцож чадаагүй ч “Монголиа Опен”-д сайн оролцсон. Энэ тэмцээнд тоглосон өргүүдээ харахад мэдэгддэг. Дотоодын хэд хэдэн тэмцээнд түрүүлсэн.

-Яг бэлтгэл ханаад ирэх нь мэдэгддэг үү?

-За одоо л сайн тоглох нь дээ гэсэн мэдрэмж төрдөг. Тийм үед өөрийгөө тусгаарладаг. Хэнтэй ч тоглосон ялна гэсэн итгэл төрөөд л.

-Даам тоглохгүй завсарлаж байсан үе байгаа юу? Шантраад орхиё гэх үе тохиолдож байв уу?

-Больё гэж бодож байсан удаа байхгүй. Их сургуульд суралцаж байхдаа хэсэг завсарласан. Хичээл сургууль их, орох тэмцээн ч тэр үед цөөхөн байлаа.

-Клубээ хэзээ байгуулав? Яагаад “Дебют” гэж нэрлэв?

-2017 оны намар “Түшээ” дээд сургууль дээр анх байгуулж байлаа. Таван хүүхэдтэй эхэлж байсан. “Дебют” гэдэг нь даамын гараа гэсэн үг. Сайн тамирчин болох гараагаа манай клубээс эхлүүлээсэй гэсэн утгаар өгсөн юм. Одоо тогтмол явдаг долоон шавьтай. Хөдөө орон нутгаас бас хүүхдүүд ирж, бэлтгэл хийдэг. 2008 онд Пүрэвдорж багшийн танилцуулгаар Өвөр Монголд Алтанхуар, Сайя гээд хоёр хүүхдэд хичээл зааж байсан. Нийт дөрвөн сар бэлтгэл хийсэн. Бүх юм цагийн дагуу. Практик, онол ээлжлээд л. Тэд их сайжирсан. Удалгүй бүр нэг нь дэлхийн аваргад оролцоод зургаадугаар байрт орсон. Таван жилд дэлхийн хэмжээний, Хятадын урдаа барьдаг тамирчин болсон байна лээ.

-Ойрын болон холын зорилго?

- Юуны өмнө би улсын аваргадаа түрүүлэх зорилготой байна. Холын зорилго бол Их мастер болох. Хүсэл мөрөөдөл гэвэл өөрийн гэсэн гоё клубтэй болох. Гарын хуруунд багтсан гарын шавь нартай болох мөрөөдөлтэй. Даамаа хөгжүүлэхэд энэ бол миний оруулсан хувь нэмэр болох учиртай юм. Даам бол харагдаж байгаа шигээ энгийн биш. Хичээллэх тусам илүү хэцүү болдог. Манай өсвөрийн тамирчид их сайн болсон. Олон их мастерууд төрөх болно гэж итгэдэг. Монголын даамны ирээдүй гэгээтэй байгаа.

Сэтгэгдэл ( 8 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(103.229.122.231) 2021 оны 04 сарын 21

хөөх

1  |  0
Bat erdene(66.181.161.121) 2021 оны 04 сарын 21

mash goy

2  |  0
Gantig(59.153.114.236) 2021 оны 04 сарын 21

Amjilt husiye

1  |  0
Зочин(66.181.161.40) 2021 оны 04 сарын 21

Хашаадаа болон шавь нарт нь амжилт хүсье.\n\n

1  |  0
Zochin(139.5.216.18) 2020 оны 06 сарын 11

Шатар даамын аль нь хэцүү вэ

0  |  3
...(211.36.147.110) 2020 оны 04 сарын 27

Мундагшүү дүүдээ амжилт хүсье

1  |  0
Амараа(202.55.188.45) 2020 оны 04 сарын 28

Миний хүүгийн багш мундаг шүү. Сайхан ярилцлага болжээ. Амжилт хүсье . Бид ч бас багш шавь 2ыгоо их мастер болно гэдэгт итгэдэг юм.

2  |  0
Даам(66.181.161.78) 2021 оны 04 сарын 21

Миний нэрийг дуудахаа больж дээ!!

1  |  0
Top