Шинэ төрлийн коронавирусний улмаас дэлхий дахинд спортын тэмцээн уралдаан битгий хэл тамирчдын бэлтгэл сургууль ч зогсоод байгаа. Харин КОВИД-19 халдвараас айхгүй байгаа цөөхөн хэдэн улсуудын нэг нь Беларусь улс. Энд тамирчид бэлтгэлээ хийсээр байна.
Беларусын чөлөөт бөхийн шигшээ багийн ерөнхий дасгалжуулагч Иван Янковский ОХУ-ын сэтгүүлчдэд энэ талаар ярьсан байна.
-Манай улсад амьдрал хэвийн үргэлжилж байна. Худалдаан төв нээлттэй, албан газрууд ажиллаж, нийтийн тээвэр явсаар байгаа. Айж үймсэн зүйл огт байхгүй. Мэдээж ард иргэдийг ариун цэврээ сахихыг анхааруулж байгаа.
-Тэгвэл тамирчид танхимдаа очиж, тэмцээнд орж, бэлтгэлээ хийсээр байгаа хэрэг үү?
-Хөл хорио байхгүй тул бэлтгэлээ хийж л байна. Европын эрхийн тэмцээнийг цуцалсны дараа бөхчүүдээ тараасан байсан бол энэ сарын 1-нээс цугларалтад гарсан. Ариутгалаа хийгээд цугларалтын баазаас гарахгүй байхыг хичээж байна. Бидэнтэй хамт сонгомол барилдаан, самбо, хүндийг өргөлт, хөнгөн атлетикийн шигшээ баг бэлтгэл хийж байгаа.
-Тэмцээн уралдаангүй өнөө үед цугларалт хийх зорилго?
-Ямар нэг тодорхой тэмцээнд бэлтгээгүй тул эрчимтэй бэлтгэл хийхгүй байгаа. Өдөрт хоёр удаа бэлтгэл хийнэ. Тамирчдаа сэтгэл зүй, бие бялдрын ядаргаанд оруулахгүйн тулд хөнгөн бэлтгэл хийж байгаа.
-Та хоёрдугаар сард Ромд болсон тивийн аваргын тэмцээнээс шигшээ багт ажиллаж эхэлсэн. Үзүүлсэн амжилтдаа сэтгэл хангалуун байна уу?
-Хангалуун байгаа. Нюргун Скрябин финалд шалгарсан. Хүрэл медаль авсан Расул Тихаев, Омар Магомедов нар ч сайн барилдлаа. Шинэ залуу Магомедхабиб Кадимагомедов Беларусьт 13 жилийн дараа Европын АШТ-ий алтан медаль авчирлаа.
-Одоогийн байдлаар танай бөхчүүд Токиогийн олимпын эрх аваагүй байгаа.
-Олимпын зургаан жинг судалж үзэхэд манайхны эрх авах магадлал өөр өөр байна. Ямар нэг таавар дэвшүүлмээргүй байна. Бидэнд эрх авах боломжгүй жин байхгүй гэдгийг л хэлье.
Сэтгэгдэл ( 1 )
Ингэж онгирох хэрэггүй ТРАМП тоохгүй байснаасаа болж одоо өдөртөө 2000орчим хүн нас барж байгаа бишүү