Сон Хын Мин цэргийн албаа хаана

Автор | Zindaa.mn
2020 оны 04 сарын 27

Хоёр жилийн өмнөх Азийн наадмын үеэр Английн хөл бөмбөг сонирхогчид “Тоттенхэм” багийн од Сон Хын Мин цэргийн албанаас “мултарч” чадах эсэхийг сэтгэл догдлон харж байлаа.
 


БНСУ-д насанд хүрсэн эр хүн болгон 21 сарын хугацаанд армид алба хаах үүрэгтэй. Тамирчид 28 нас хүрэхээсээ өмнө цэрэгт явах ёстой юм. Гэхдээ шилдэг тамирчдын хувьд цэргийн албанаас чөлөөлөгдөх гурван арга бий.

1. Өвөл, зуны олимпын наадмаас медаль хүртэх

2. Азийн наадамд түрүүлэх

3. БНСУ-ын БХЯ-ны харьяа хөлбөмбөгийн багт хоёр улирал тоглох

Сон хамгийн хялбар замыг нь сонгож, 2018/19 оны улирлын эхний хагаст багаасаа чөлөө авч, Азийн наадамд оролцсон юм. Ингээд л “Тоттенхэм” багийн фэнүүд шүтээнээ армиас мултраасай гэсэндээ Азийн наадам үзэн, дэмжиж байсан билээ.

БНСУ-ын баг финалд Японыг ялан, түрүүлэхэд түүний фэнүүд баярлан нулимс асгаруулж байсан ч Сон цэргээс бүрэн мултраагүй байжээ.
 

БНСУ-ын Үндсэн хуулиар цэргээс чөлөөлөгдсөн ч армийн сургалтад дөрвөн долоо хоног хамрагдах ёстой юм байна.

Эхлээд Сон зуны амралт эхлэхээр явах гэж байсан ч коронавирус гарснаар тоглолтууд зогссон цагийг ашиглахаар шийдсэн байна. Гуравдугаар сарын сүүлээр эх орондоо харьсан тэрбээр 14 хоног карантинд тусгаарлагдсан. Одоо гэмтлээ эмчлүүлж байгаа ч албандаа очиж, тавдугаар сарын сүүлээр Англид буцах гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top