Холимог тулааны булчинлаг залуус

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 01

Холимог тулаанд булчин чухал үүрэг гүйцэтгэдэггүй. Хэт том булчинд баригдаад хөдөлгөөн нь удааширсан тамирчид сүр бараа л ихтэй харагдахаас аварга болж, амжилт гаргаад байдаггүй. Гэвч холимог тулаанд бялдаржуулах урлаг, бодибилдингээс тамирчид ирсээр байна. Тэднийг харахад ёстой л гаднаа гяланцаг, дотроо паланцаг гэгчийн үлгэр мэт санагддаг. Ингээд холимог тулааны булчинлаг залуусыг танилцуулъя.

Дэлхийн хамгийн хүчтэй хүн Мариуш Пудзяновский

Мариуш бол хүчний спортын мастер, “Дэлхийн хамгийн хүчтэй хүн” хэргэмийг таван удаа хүртсэн тамирчин. Регби суурьтай бөгөөд боксоор долоон жил хичээллэсэн хүн юм. 1999 онд тэр анх удаа “Дэлхийн хамгийн хүчтэй хүн” цолын төлөө өрсөлдөж байлаа. 2000 онд Мариуш зодоон, дээрмийн хэргээр шоронд хоёр жил суусан. Нутгийн мафийн босс нэгэн залууг зодож байхад нь өмөөрсөн юм гэж тэр дараа нь ярьсан байдаг.

Шоронгоос гарч ирээд Пудзяновский бэлтгэл сургуульдаа эргэн орж, 2002 оноос дэлхийн аваргын цуврал “Стронгмен” тэмцээнд оролцож эхэлжээ. Тэр долоон удаа оролцож, 1999, 2003, 2005, 2007, 2008 онуудад түрүүлэн, 2004 онд хүрэл, 2006, 2009 онд мөнгөн медаль хүртсэн юм. Ингээд Мариуш 2009 онд холимог тулаанд орж ирлээ. “Дэлхийн хамгийн хүчтэй хүн” гэсэн хэргэмтэй тул Польшийн тулааны хамгийн том холбоо болох KSW-д шууд оржээ. Эхний тулаандаа тэр Марцин Найманыг ердөө 43 секундэд хүнд цохилтоор ялсан юм. Мариуш одоо ч тэр холбоондоо байгаа. 10 жилийн дотор 20 тулалдаж, 13 ялалт байгуулсан амжилттай.

Жүжигчин Мартин Форд

Мартин бол 207 см өндөр, 150 кг жинтэй жүжигчин. Бодибилдингийн спортоос кино урлагт урваж, “Boyka: Undisputed” киногоор нэр алдарт гарсан юм. Крикет тоглодог байсан туранхай хөвгүүн үеийнхэндээ дээрэлхүүлэхгүйн тулд бялдаржуулах урлагаар хичээллэж, 150 кг жинтэй аварга биет болон хувирсан түүхтэй. Цагийн нарийн хуваарь, олон цагийн нөр их хөдөлмөрийн ачаар Форд бодибилдингийн шилдэг тамирчин болж чадсан. Мартин биедээ байх өөх тос, нүүрстөрөгчийн хэмжээг өөрөө тогтоож, бэлтгэл, дасгалын дэг журмаа ч өөрөө гаргадаг. Түүнийг бялдаржуулах урлагийн хамгийн тэгш биетэй тамирчин гэж үздэг. Шазруун царай төрх нь кино од болоход яг таарсан ч Мартин холимог тулаанд жинхэнээсээ зодолдохыг хүссэн юм. Саяхан Форд Польшийн KSW холбоотой гэрээ байгуулсан. Анхны тулаанаа хийхээр бэлтгэлээ базааж байна.

“Төмөр өргөдөг байсан олон залуус бэлтгэл хийлгүй рингэнд гараад хэрхэн зодуулж байгааг тэр олон удаа харсан. Тэдэн шиг болохыг Мартин хүсэхгүй байгаа тул маш их бэлтгэл хийж байгаа. Тэр маш хүчтэй, сайн шавь. Түүний цохилт залуу үеийн Майк Тайсоныг ч нам унагаахаар хүчтэй” гэж дасгалжуулагч нь сэтгүүлчдэд ярьсан байна.

Мэргэжлийн бөхийн од Брок Леснар

Брок бол хүч чадлаа амьдралд яаж ашиглахаа маш сайн мэддэг “мангас”. Тэр америк хөлбөмбөг, чөлөөт бөх, холимог тулаан гээд маш олон спортоор амжилтад хүрсэн. Мэргэжлийн бөхийн WWE холбооны 11 удаагийн дэлхийн аварга, UFC холбооны хүнд жингийн аварга, Японы мэргэжлийн бөхийн NJPW холбооны аварга, чөлөөт бөхөөр NCAA-д түрүүлсэн. Энэ бүх холбооны аварга болж байсан хүн түүнээс өөр үгүй. Брок NCAA-д чөлөөт бөх дөрвөн жил барилдахдаа 106 ялж, тавхан ялагдсан байдаг. 2000 онд мэргэжлийн бөхийн WWE холбоонд элсэж, алдарших замынхаа эхлэлийг тавьсан юм. Хоёр жилийн дараа Raw телевизэд орж, аварга том биеийнхээ ачаар мэргэжлийн бөхийн жинхэнэ од болж чадсан. 2006 онд Японд кикбоксын “K-1 HERO’s” тэмцээн үзэж суугаад гэнэт ринг дээр гарч, зодолдох хүсэлтэй байгаагаа илэрхийлж байлаа. Тэр жилийнхээ зун нь Японы К-1 холбоотой гэрээ байгуулж, анхны тулаанаа Өмнөд Солонгосын аварга биет Хон Ман Чойтой хийх болсон ч Чой гэмтэж орхилоо. Түүний оронд гарч ирсэн өөр нэгэн солонгос тамирчин Ким Мин Суг Брок эхний үед л хүнд цохилтоор ялсан билээ. Жилийн дараа холимог тулааны хамгийн том холбоо болох UFC холбооны тэмцээнд оролцож, Фрэнк Мирд өчих мэхээр ялагдлаа. Дараагийн өрсөлдөгч нь хүнд жингийн аварга асан Марк Колман байсан ч Марк бас л гэмтэж, оронд нь Хит Херринг гарч ирсэн юм. Леснар түүнийг бүтэн гурван үеийн турш нүдэж, ялснаар хүнд жингийн аваргын бүсийн төлөө тулалдах эрхтэй боллоо. UFC 91 тэмцээнд Брок домогт Рэнди Кутюрийг хоёрдугаар үед хүнд цохилтоор ялснаар маш хурдан буюу дөрөвхөн тулалдаад аваргын бүс зүүж чадсан юм. Леснар хоёр удаа аваргын бүсээ хамгаалсан. Эхлээд Фрэнк Мирийг, дараа нь Шейн Карвинийг тус бүр хүнд цохилтоор унагаасан билээ. 2010 онд UFC 121 тэмцээнд Кейн Веласкест ялагдаад аваргын бүсээ алдаж, жилийн дараа Алистер Оверимд ялагдаад холимог тулаанаас зодог тайлсан байна. Гэхдээ таван жилийн дараа дахин холимог тулаанд ирж, Марк Хантыг оноогоор ялсан ч сэргээш хэрэглэсэн нь илрэн, шийтгэл хүлээсэн. Алдарт  Даниэля Кормьетэй тулалдах яриа гарсан ч Брок мэргэжлийн бөхдөө үлдэхээр шийдсэн юм.

Холимог тулааны амьд домог Алистер Оверим

Холимог тулаан, кикбоксын жинхэнэ домог. Энэ хоёр төрлөөр нэгэн зэрэг Strikeforce, Dream, К1 холбооны аварга болж байсан цорын ганц тамирчин. Мэргэжлийн кикбокст 14 тулалдаж 10 ялалттай, холимог тулаанд нийт 64 тулалдсанаас 45-д нь ялалт байгуулж байжээ. Ирэх сард 40 нас хүрэх ахмад тамирчны хүнд гарт арав гаруй дэлхийн аварга өртөж, унаж байлаа. Одоо ч тэр дэлхийн хамгийн шилдэг 10 хүнд жингийн тамирчинд багтсан хэвээр байгаа. Яг ид үеийн Оверимийн бие хаа өрсөлдөгчдөд нь айдас төрүүлдэг байв. Түүнд булчин шөрмөс, хурдан шалмаг цохилт гээд шилдэг тулаанчийн бүх чанар байлаа. Гэхдээ тэр сэргээшний асуудалд орооцолдож байсан. Харин Оверим сэргээш хэрэглэж байгаагүй гэж баталдаг юм.

“Миний хоолны дэглэм бусад тамирчдаас өөр. Урьд нь би ногоо их иддэг байлаа. Даанч ногооноос эрч хүч авахад хэцүү. Ингээд л адууны мах идэж эхэлсэн, хүч чадал ч нэмэгдсэн” гэж Оверим ярьж байлаа. Харин өрсөлдөгчид нь түүнийг адууны мах биш сэргээшний ачаар хүчтэй болсон гэж баталдаг. 2017 онд UFC 209 тэмцээнд түүнд ялагдсан Марк Хант “Оверим адууны мах биш допинг иддэг гэдгийг би мэддэг. Жош Барнетт тэр хоёр адилхан сэргээшчид. Тэднийг хатуу шийтгэх ёстой. Шударга байх хэрэгтэй” гэж хэлж байсан билээ.

Ганц цохиулаад унадаг Боб Сапп

Аварга биет Боб Сапп мэргэжлийн дэвжээнд 32 тулалдахдаа 12 ялж, 20 ялагдсан тамирчин. Түүнийг тамирчны хувьд хэр гэдгийг дүгнэн хэлэхэд бэрх. Асар том бие, ширүүн харцныхаа ачаар Японы тулааны ертөнцөд алдаршсан Сапп анх жижигхэн япончуудыг ялаад л аваргын бүсийн төлөө гараад ирсэн юм. Түүний жинхэнэ занг мэдээгүй япончууд биеийг нь хараад л сүрдэн, тулаан эхлэхээс өмнө ялагдчихдаг байв. Харин дараа нь Бразилын Антонио Родриго Ногейрад өчүүлэн ялагдаж байгааг нь хараад тулаанчид Сапп зүрх муу гэдгийг ойлгожээ. Дараа дараагийн тулаанд гарч ирсэн өрсөлдөгч нь ганц хүчтэй цохиход л Сапп агшин, жижиг болж, буугаад өгчихдөг болсон юм. Удалгүй тулааны ертөнц биш кино урлаг өөрт нь тохирч байгааг мэдээд холимог тулаанаас салан одсон билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top