“Манчестер Юнайтед”-ийн жинхэнэ фэнд байх ёстой 12 зүйл

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 03

Английн хөлбөмбөгийн “Манчестер Юнайтед” дэлхийн хамгийн алдартай багийн нэг. Тус багийг дэмжигчдийн сүлжээ Manchester United Supporters Club (MUSC) албан ёсоор 24 оронд үйл ажиллагаа явуулж байна. “Deloitte” компанийн тооцоолсноор дэлхийд “МЮ”-гийн 75 сая фэн байдаг бол зарим хэвлэлд энэ тоо 333 сая гэж бичигджээ. Асар их тоо. 333 сая фэнтэй баг дэлхийд цөөхөн. Алдарт “Олд Траффорд” цэнгэлдэхийн баруун хэсэг болох “Стретфорд Энд”-д “МЮ”-гийн жинхэнэ фэнүүд цуглан, дуугаа дуулж, тамирчдаа дэмждэг. Ингээд “Улаан чөтгөрүүд”-ийн жинхэнэ фэнд байх ёстой 12 зүйлийг танилцуулъя. Хэрэв та “Манчестер Юнайтед” багийн хөгжөөн дэмжигч мөн бол эдгээр зүйлүүд танд ч байх ёстой.

1. 1958 оны Английн Цомын тэмцээний финалын өмсгөл

1958 оны хоёрдугаар сард Германы Мюнхенд болсон онгоцны ослоор “МЮ” үндсэн бүрэлдэхүүнийхээ тал хувийг алдсан билээ. Гэвч тэд Английн Цомын тэмцээнд тун сайн тоглосон. “Sheffield Wednesday”, “West Brom”, “Fulham” багуудыг ялан, финалд “Болтон”-той халз үзэлцэх боллоо. Харамсалтай нь тэд ялагдсан. Уг нь ялсан бол осолд амиа алдсан нөхдийнхөө дурсгалд зориулсан агуу том ялалт болох байлаа. “МЮ”-г шүтэн бишрэгч хэн ч амь үрэгдсэн анд найзуудынхаа төлөө тулалдан, финалд шалгарсан тэр багийн гавьяаг хүндлэн, энэ өмсгөлийг авах ёстой.

2. 1968 оны Аваргуудын Цомын тэмцээний өмсгөл

Мюнхений ослоос 10 жилийн дараа сэр Мэтт Басбигийн мөрөөдөл биелж, “МЮ” Европын Аваргуудын Цомд түрүүлсэн. Португалийн “Бенфика”-г 4:1 бут ниргэсэн тэрхүү финалын тоглолтын хөх өмсгөл маш дурсгалтай бэлэг болохоос гадна “МЮ”-гийн ямар ч хөгжөөн дэмжигчийн цуглуулгад байх ёстой эд билээ.

3. Жорж Бестийн намтар “Blessed"

Хойд Ирландын Жорж Бест улаан чөтгөрүүдийн түүхэн дэх хамгийн агуу тоглогчийн нэг. Хэт авьяастай энэ тоглогч 17-27 настайдаа “МЮ”-д тоглож, түүхийг бүтээсэн. Хэвлэл мэдээллийн од болсон анхны хөлбөмбөгч. “Супер од”, “БИТЛЗ-ийн тав дахь гишүүн”, “Секс бэлгэ тэмдэг”, “Загварын хаан” гэсэн олон нэр хочтой байсан агуу Бестийн амьдралын замнал танд байгаа гэдэгт итгэлтэй байна.

4. 1973 оны 7 дугаартай өмсгөл

Жорж Бест шиг ганган, сайхан хөлбөмбөгч тэр үед байсангүй. Гэхдээ халиурсан урт үстэй тэрбээр 1973 оны өргөн захтай өмсгөлтэй хамгийн сайхан харагддаг байсан гэж ахмадууд дурсдаг. Энэ үедээ Бест тамирчин гэхээсээ рок од шиг л харагддаг байлаа.

5. DVD “The Class of 92” кино

Райан Гиггз, Пол Скоулз, Гари Невилл, Фил Невилл, Ники Батт, Дэвид Бекхэм. “МЮ”-гийн хүүхдийн академиас гараагаа эхэлсэн зургаан залуу тоглогчийн амьдралыг харуулсан кино. 1992 оны ангийнхан гэгдсэн тэд хэнээс ч айдаггүй байлаа. Тэд өөрсдийн авьяас, хөдөлмөрөөр од болцгоож чадсан.

6. Рой Киний намтар ном

Агуу ахлагч Рой Кин оддын цуглуулга “МЮ”-г яг л цэргийн жанжин мэт атгадаг байлаа. Дэвид Бекхэмийг цохиж, сэр Фергюсонтой үг сөрж тэр л чадна. Хөлбөмбөгийн авьяас, ур чадвараас гадна түүний гол чанар бол “дайснаа” устгах. Рой Кин өрсөлдөгчдөө хэрхэн дарамталж, “устгаж” байсан талаар энэ номоос уншаарай.

7. DVD “1998\1999 улирлын тойм”

 “МЮ”-гийн түүхэн дэх хамгийн амжилттай улирал. Премьер лиг, Английн Цом, Аваргуудын лиг, Тив хоорондын Цомд түрүүлсэн. Гэхдээ энэ улирал авсан цомын тоогоороо биш яаж ялалт байгуулснаараа онцлог. Аваргуудын лигийн финалд Германы “Бавари”-г хэрхэн ялсныг энэ DVD-гээс дахин дахин үздэг фэн олон байх. Энэ DVD байхгүй бол таныг “МЮ”-гийн фэн гэхэд хэцүү л юм.

8. Цанын малгай "Bianco Rosso Nero"

Энэ багийн түүхэнд маш олон янзын малгай, өмсгөл байсан. Гэхдээ  "Bianco Rosso Nero"-г улаан чөтгөрүүдэд хамгийн их зохисон гэж ярьдаг.

9. Алекс Фергюсон “Миний намтар” 

"Манчестер Юнайтед” багийн хувь заяа, түүхэнд гол үүрэг гүйцэтгэсэн энэ эрхмийн намтрыг “МЮ” гэлтгүй хөлбөмбөг сонирхогчид бүгд унших нь зүйтэй. 30 жилийнхээ амьдралыг энэ багт зориулсан гээд бод. Агуу түүхийн нэгэн хэсэг болсон энэ ном “МЮ” багийн жинхэнэ фэний гэрийн хойморт залрах ёстой.

10. "Кантона" Филипп Оклэирийн бүтээл

Кантона бол орчин үеийн хөлбөмбөгийн оддын эцэг. Авьяас чадвар, хөдөлмөрч чанар, их зан, тааварлашгүй ааш гээд түүнд бүх юм байсан. Энэ бүх чанараа амьдралд хэрхэн гаргаж байсныг нь Филипп Оклэир номондоо бичжээ.

11. "Looking for Eric" - DVD кино “Эрикийн эрэлд” Кен Лоуч

Английн шилдэг найруулагч Английн шилдэг багийн шилдэг тоглогчийн тухай кино хийхээр сайхан уран бүтээл бололгүй яах вэ.

12. “Басбигийн хүүхдүүд” зураг

Өөрийгөө “МЮ”-гийн фэн гэж тооцдог хүн болгон “Басбигийн хүүхдүүд”-ийн талаар мэднэ. Аймшигт ослоор амиа алдсан авьяаслаг залуус. Ослын өмнөх сүүлчийн тоглолт дээр авсан энэ зурган дээрх улаан өмсгөл хэдхэн хоногийн дараа юу болохыг зөгнөсөн мэт гунигтай. “Басбигийн хүүхдүүд” “МЮ” багийн фэнүүдийн зүрхэнд үүрд үлдэнэ. Хүн төрөлхтөн хэчнээн олон авьяастнаа тэр өдөр алдсаныг бүү март. Энэ зураг фэнүүдийн гэрийн хананд байдаг гэдэгт итгэлтэй байна

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top