А.Цэрэндорж
Монголын үндэсний бөхийн холбоо, "Хамаг монгол" студи хамтран Монгол Улсын харцага, начин цолтнуудын халз барилдааныг тавдугаар сарын 3-нд зохион байгууллаа. Улсын онцгой комиссоос зөвшөөрөл авч, холбогдох зөвлөмжийг баримтлан зохион байгуулсан барилдаанд харцага, начин цолтой шилдэг 10 бөх зодогложээ.
Харцага цолтой таван бөх, начин цолтой дөрөв, аймгийн арслан цолтой нэг бөх, хоёр багт хуваагдан таван тойргоор барилдлаа. Тус барилдаанд барилдах байсан МУ-ын харцага Н.Золбоо, МУ-ын начин Ч.Хөхчирэнгэр, МУ-ын начин Б.Амарзаяа нар барилдаанд оролцоогүй. Иймээс Начингуудын багт Аймгийн Арслан Ц.Мөнхбаяр багтан нийт арван бөх тав таваар хуваагдан барилдлаа.
Таван тойргоор 25 барилдаан болж, Харцагуудын баг 13 даваатай тэргүүлсэн бол начингууд 12 даваатайгаар хожигдлоо. Үүнд МУ-ын Харцага Б.Бат-Өлзий нэг ч тойрогт өвдөг шороодолгүй тав даван манлайлсан бол Харцагуудын багаас Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат МУ-ын харцага Д.Анар гурван даваатай удааллаа. Харин начингуудаас МУ-ын начин Б.Серик дөрвөн даваатай, МУ-ын начин Б.Орхонбаяр дөрвөн даваатай багаа тэргүүлжээ.
Хоёр баг дөрвөн тойргийн турш нэг унааны зөрүүтэй байлаа. Улмаар тавдугаар тойргийн хамгийн сүүлийн барилдаанд давсан бөхийн баг хожих байв. Тус хариуцлагатай барилдаанд Харцагуудын багаас Д.Анар, Начингуудын багаас Аймгийн Арслан Ц.Мөнхбаяр хоёр барилдаж, Д.Анар давснаар нэг давааны илүүтэйгээр энэ удаагийн барилдаанд харцага цолтнууд тэргүүллээ.
Багийн халз барилдааныг төлбөрт хоёр сувгаар үзэгчдэд шууд дамжуулан хүргэжээ. Нийт орлогыг ХӨСҮТ-д халдварын эсрэг ажиллаж байгаа эмч, ажилтнуудад өгөхөөр болсон байна.
Сэтгэгдэл ( 1 )
Допинг -Болдынхоо учрыг олоочээ