Премьер лиг хэзээ эхлэх нь тодорхой бус хэвээр үлдлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 04

Өнгөрсөн Баасан гарагт Английн Премьер лигийн 20 багийн удирдлага онлайн хурал хийж, цар тахлын улмаас учирсан асуудлуудын талаар хэлэлцлээ. Нийт 3.5 цаг үргэлжилсэн тус хурлаар хэлэлцсэн гол сэдэв нь лигийн тэмцээнийг сэргээх төсөл, хувилбарууд байлаа.

Хэдэн өдрийн өмнө Их Британийн хэвлэлээр зургаадугаар сарын эхээр лигийн тоглолт дахин эхэлнэ гэж бичиж байсан ч энэ удаагийн хуралдаанаар тодорхой тов гаргаж чадсангүй өндөрлөжээ. Энэ сарын 7-нд Ерөнхий сайд Борис Жонсон хөл хорионы дэглэмийг цуцлах, сунгах эсэхээс бүх зүйл шалтгаалах болсон байна.

Английн хөлбөмбөгийн холбооноос энэ удаад гаргасан төсөл нь үлдсэн тойргийн тоглолтуудыг тогтсон хэдэн цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах. Учир нь тухайн багийн талбай дээр үзэгчидгүй явуулсан ч цэнгэлдэхийн гадна балиашгууд цуглах эрсдэлтэй. The Athletic-д бичсэнээр арваас ихгүй цэнгэлдэхэд тоглолтуудыг зохион байгуулна. Гэхдээ энэ цэнгэлдэх нь халдвар авсан хүний тоо цөөхөн хотод, орон сууцны хорооллоос хол байх ёстой гэнэ. Тэгэхээр “Стэмфорд Бриж”, “Энфилд”, “Гудисон Парк” стадионууд автоматаар хасагдана. “Борнмут”, “Уотфорд”, “Саутгемптон” багуудын цэнгэлдэхэд засвар хийж байгаа тул мөн хасагдах юм.

Харин энэ төслийг Премьер лигээс хасагдах эсэхээ үзэж байгаа багууд (Брайтон, Уотфорд, Вест Хэм, Борнмут, Норвич, Астон Вилла) эрс эсэргүүцсэн. Аварга болох нь тодорхой “Ливерпуль”-ийн хувьд тоглолт биш фэнүүдийн жагсаал санааг нь зовоож байна. Хөлбөмбөгөөр өлсөж цангасан, 30 жилийн дараах цомоо авсан хүмүүс ямар ч хоригт авталгүй гудамжинд гарах нь ойлгомжтой.

Хөлбөмбөгчид, дасгалжуулагч нар талбайд гарахаас айж эмээж байгаагаа илэрхийлж байгаа ч хэрэв үлдсэн 92 тоглолтыг зохион байгуулахгүй бол лиг телевизийн төлбөр болох 762 сая фунт стерлингийн хохиролд унах юм.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top