“Японы сүмо бөхийн холбооноос шинэ төрлийн коронавирусний халдварын улмаас хоёр долоо хоног хойшлоод байсан Зуны тэмцээнийг бүр мөсөн цуцлах талаар хэлэлцэж байна” гэж “Споничи” сонин мэдээллээ.
Холбооноос өмнө нь Зуны тэмцээнийг зохион байгуулах эсэхээ Засгийн газрын шийдвэртэй холбогдуулан, шийдвэрлэнэ гэж мэдэгдэж байсан. Харин Засгийн газраас онц байдлыг энэ сарын 31 хүртэл сунгах нь тодорхой болоод байна. Ерөнхий сайд Шинзо Абэ өнөөдөр орой энэ талаар зарлахаар болсон билээ.
Сүмогийн холбооноос өнгөрсөн гуравдугаар сард Хаврын тэмцээнийг үзэгчгүй зохион байгуулсан. Харин энэ удаад ояката, сүмо бөх нийт долоон хүнээс халдвар илэрсэн тул Зуны тэмцээнийг цуцлахаас өөр аргагүй болжээ. Мөн Нагояд болох долоодугаар сарын тэмцээнийг ч хойшлуулж магадгүй байна. Учир нь ояката, бөх, албаны гэсэн нийт 900 хүн Токиогоос очиж, дэвжээнд бөөнөөр байрлах нь өвчин тархах өндөр эрсдэлтэй байгаа юм. Тиймээс долоодугаар сарын тэмцээнийг Токиод шилжүүлэх, эсвэл цуцлах, хойшлуулах гэсэн санал гарсан байна.
Хэрэв Зуны тэмцээн албан ёсоор цуцлагдвал сүмо бөхийн башё цуцлагдаж байгаа 3 дахь тохиолдол болно. 1946 оны зургаа дугаар сард болох байсан Зуны тэмцээн (тэр үед жилд 2 тэмцээн болдог байв) дайны улмаас эвдэрч сүйдсэн Кокүгикан ордны засварын ажил цагтаа дуусаагүй тул цуцлагдаж байсан бол 2011 оны Хаврын тэмцээн найрааны хэргээр зохион байгуулагдаагүй юм.
Сэтгэгдэл ( 0 )