Георгий Зантарая: Олимп хойшилсон ч өөдрөг хэвээр байна

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 07

Украины 32 настай жүдоч Георгий Зантараяд дэлхийн аварга, Европын наадам, Европын АШТ-ий алтан медаль бий. Одоо түүний зорилго бол олимпын алтан медаль юм. Зантарая “Токио-2020” наадмын дараа зодог тайлахаар зэхэж байсан ч олимп хойшлогдож, мэдээж түүний замнал ч бас нэг жилээр уртассан билээ.

XSPORT.ua сайтад Зантараягийн өгсөн тун өөдрөг ярилцлагыг толилуулж байна.

-Хөл хорио хэр үргэлжилж байна даа?

-Гэртээ сайхан байна. Бүх юманд сайн тал бий. Бүгд хөл хорионд ижилхэн л байгаа. Хууль дүрмээ дагаж байна.

-Танай гэрт спортын танхим байдаг гэж сонссон.

-Байгаа, тайван сайхан бэлтгэл хийж байна.

-Гэр бүлдээ зарцуулах цаг их болсон байх даа?

-Тиймээ, гэр бүлтэйгээ цагийг хамт өнгөрүүлэх сайхан боломж. Цаашдаа ч ингээд гэрт суугаад байхад бэлэн байна. Гэхдээ би өдөр бүр л бэлтгэл хийж, ажлаа гүйцэтгэсээр л байгаа. Гадаад, дотоодын тэмцээн, цугларалт гээд байнга гадуур явдаг байсан болохоор би гэрт, хөл хорионд, битүү орчинд ийм удаан байж чадах эсэхдээ эргэлзэж байлаа. Харин одоо гэртээ байнга байсаар зодог тайлаад яана гэж санаа зовохгүй боллоо.

-Та одоо хэр формтой байна вэ?

-Биеийн бэлтгэл маш сайн байгаа. Харин барилдааны бэлтгэл байхгүй болохоор жүдогийн хувьд формгүй болсон. Манай шигшээд тэмцээн, цугларалт олон ч яг биеийн бүрэн бэлтгэл жилд хоёр л удаа хийдэг байсан. Харин одоо би бараг хоёр сар биеийн бэлтгэл л хийж байна.

-Тэмцээнд оролцохын өмнө формдоо ороход хэр хугацаа шаардлагатай байдаг вэ?

-Нэг их биш. Хоёр долоо хоногоос сар хэртэй сайн бэлтгэхэд болно.

-Таны ээж эмч хүн. Коронавирусний тухай юу ярьж байх юм?

-Ээж, ах гээд манай гэр бүлд эмч хүн олон. Эхлээд би коронавирусний халдварын талаар сонирхдог байлаа. Харин одоо огт асуухаа больсон. Бид халдварын талаар ярьдаггүй. Хэдэн хүн халдвар авсан, хэд эдгэсэн талаар мэдээлэл байхгүй. Хөл хорионы дэглэмээ сахиад сууж байхад болно гэж бодсон.

-Токиогийн олимпын дараа та зодог тайлах гэж байсан. Хойшлогдоход нь яаж хүлээж авав? Замнал чинь нэг жилээр уртассанд баярласан уу?

-Үнэнийг хэлэхэд харамссан зүйл байхгүй. Харин ч дахиад нэг жил хийсэн зүйлээсээ таашаал авах боллоо. Бүх юмнаас өөдрөг, сайныг нь олж харах хэрэгтэй. Хойшлогдохоос өөр аргагүй болсон байхад харамсаж гутраад яах билээ.

-Олимпын эрх яаж олгох бол? Эрхийн тэмцээнүүд хэзээ өндөрлөх вэ?

-Хэрэв энэ зун олимп болох байсан бол эрхийн тэмцээнүүд өдийд дуусчихсан байх байлаа. Харин нэг жилээр хойшлогдсон болохоор есдүгээр сараас сэргэх болов уу. Би олимпын эрх дээр хэзээ ч санаа зовж байгаагүй. Би хоёр удаа олимпод оролцсон. Сугалаанд давуу талтай болохын тулд чансааны нэг, эсвэл хоёр бичигдэхийг хүсдэг байсан ч одоо нэг их тоохгүй байгаа. Ямар ч хүчтэнтэй барилдахад өөрөө л бэлэн байх ёстой. Олимпын эрх авах бол амархан.

-Токиогийн олимпод тавих зорилго?

-Би олимпоос бусад бүх тэмцээнд түрүүлж үзсэн. Миний мөрөөдөл бол олимп. Энэ мөрөөдлөө биелнэ гэж итгэж найдан, бэлтгэлээ хийж байна.

-Токиогийн олимпын өмнө танд хүрэл медаль авна гэж хэлбэл хэрхэн хүлээж авах вэ?

-Өмнө нь хэлбэл сэтгэлээр уналгүй яах вэ. Харин олимп дууссаны дараа хүрэл медаль зүүгээд зогсож байвал мэдээж авсан медальдаа баяртай байх болно.

-Таны жинд Богдан Ядов бий. Түүнд жингээ даатгаад үлдээнэ биз дээ?

-Итгэлтэй сайн залуу. Ядов сайн бөх болно гэж найдаж байна. Бид хоорондоо өрсөлддөг. Хэн сайн барилдсан нь тэмцээнд явна. Цаг болгонд өөрийн баатар байдаг. Түүнд намайг гүйцэхэд нэмэлт нэг жил гараад ирлээ шүү дээ.

-Европын аваргын тэмцээн 11 дүгээр сар болж хойшлогдсон.

-Би Европт гурван удаа түрүүлсэн. Тивийн аварга болох нь миний зорилго биш. Европын АШТ бол олимпын бэлтгэл төдий тул огт харамсаагүй.

-Та зодог тайлаад юу хийх төлөвлөгөөтэй байна вэ? Спорт танхим нээх гэж байгаа гэж сонссон.

-Бараг нээчихсэн. Засвар, барилгын ажлаа өөрөө хийж эхэлсэн. Нэлээд мөнгө зарсан. Гэхдээ би спорт танхим нээхдээ мөнгө олох гэж бодоогүй. Харин хүүхэд багачуудад бэлтгэл хийх боломж олгохыг л хүсэж байна. Хүмүүс тусалж, дэмжиж байгаа. Би энэ танхимаа улсад өгнө. Хувийн танхим биш.   

-Дасгалжуулагч болох уу?

-Багш дасгалжуулагч болж, хүүхдэд хичээл заана гэдэг надад тохирохгүй. Мэддэг чаддаг юмаа хүүхдүүдэд заахыг хүсэж байгаа ч миний зан ааш дасгалжуулагч болоход таарахгүй.

-2021 онд ДАШТ, олимпын наадам, тивийн АШТ болно.

-Нэг жилд гурван том тэмцээн болно. Аль нэгэнд нь би гарцаагүй түрүүлнэ. Ямар ч юмнаас эерэг, өөдрөгийг нь олж харж бай гэж би хэлсэн биз дээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top