Хүнд өвчинтэй тэмцэж буй ёкозүна Акэбоно 51 нас хүрлээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 08

Мэргэжлийн сүмогийн 64 дэх ёкозүна, мэргэжлийн бөх Акэбоно Таро өнөөдөр /2019.05.08/ 51 нас хүрч байна.
 


Акэбоно одоо зүрхний өвчинтэй тэмцэж байгаа. Тэр хүнд өвчнийг ялна гэдэгтээ итгэлтэй байгаа төдийгүй “Рингэндээ заавал эргэн ирнэ” гэж үргэлж хэлдэг гэнэ.

Ах дүү Вака, Такатай өрсөлдөн, дээд зиндаанд 11 удаа түрүүлсэн ёкозүна Акэбоно зодог тайлж, 2005 оноос мэргэжлийн бөхөд шилжсэн.
 


2017 оны дөрөвдүгээр сарын 11-нд Китакюүшюүд болсон мэргэжлийн бөхийн тэмцээний дараа ухаан алдан унаж, эмнэлэгт хүргэгдсэн Акэбоно зүрх нь 37 минутын турш байн байн зогсон сандаргаж, амь нас нь дээсэн дөрөөн дээр байлаа. Зүрх зогссоны нөлөөгөөр хөл гар нь хөдөлгөөнгүй болж, ярьж чадахаа байн, гурав дахь жилдээ эмчлүүлж байна. 210 кг байсан ч турж, одоо 150 кг жинтэй.
 


Гэхдээ сүүлийн үед эмчилгээнд ахиц гарсан. Хамгийн сүүлд Акэбоно олон нийтийн өмнө гарсан нь 2019 оны арванхоёрдугаар сарын 18.

Арванхоёрдугаар сарын 13-нд цусны өвчнөөр 41 настайдаа нас барсан Азүмазэки оякатагийн оршуулах ёслолд оролцохоор тэр хуучин дэвжээндээ ирсэн юм. 
 


Азүмазэки ояката барилдаж байхдаа Акэбоно аваргын туслах байсан хүн. Акэбоно “Ийм залуудаа, маш харамсалтай байна” гэж хэлж байлаа. Дараа нь Такамисакарид “Одоо чи энэ дэвжээг авч явна шүү” гэж захиад гэрийн зүг одсон гэдэг.  

Одоо Акэбоногийн дэргэд гэргий Кристина, 19 настай Коди, 16 настай Кана гэсэн хүүхдүүд нь үргэлж хамт байгаа.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Зочин(66.181.161.40) 2020 оны 05 сарын 09

Сайхан бөх дөө. Хурдан эдгээрэй

0  |  0
Top