Кимийн анд, Мадоннагийн амраг ДЕННИС РОДМАН гэж хэн бэ?

Автор | Zindaa.mn
2022 оны 05 сарын 13

“Хорхой” хочит энэ сагсан бөмбөгч Майкл Жордантай хамт аварга болж, Мадоннатай үерхэж, харин одоо Ким Жон Унтай найзалж байна.

Дэлхийн хамгийн муухай зантай тамирчны тоонд тогтмол багтдаг ч тэр "Бүхнээс муу, бүгдээс балиар" байхыг хүсдэг хэвээр.Өнөөдөр түүний төрсөн өдөр. 
 


ИНГЭХЭД ТА ХЭН ЮМ БЭ, НОЁН РОДМАН

Сагсан бөмбөгийн түүхэнд Деннис Родман шиг эсрэг тэсрэг, хурц дүр төрх байгаагүй, цаашдаа ч гарахгүй. Тэр талбайд тоглохоосоо гадна зүгээр гудамжинд гарч, дэлгүүрт орохоо ч шоу болгож чаддаг хүн байлаа. НБА-д шинэ одод гялалзаж байгаа өнөө үед ч түүнийг давах хүн алга. Нууц нь энгийн хэн болгонд заяагаад байдаг зүйл биш. Онцгой өвөрмөц байдлыг асар их авьяасаар үржүүлэхэд хариу нь Родман гэж гардаг юм. Жишээ нь танаас “Родман 1990-ээд оны үед агуу Жорданыг давж гарах тоглогч байсан уу” гэж асуухад шууд үгүй гэж хэлэх нь тодорхой. Харин би ингэж хариулахаасаа өмнө сайн бодох байлаа. 

Зан чанар, гадаад төрхөд асуудал байгаа юм биш. Ягаан үс, ээмэг бөгж, биеийн бараг бүх эрхтэн дээрх тоймгүй олон шивээс. Талбай дээр өрсөлдөгчөө зодож, баар ресторанд тарьдаг шуугианыг нь ч хэлэх гээгүй байна. Ийм танхай этгээд байсан ч яг үнэн хэрэгтээ Родман маш сайн тоглогч байсан юм. Тэр хоёр удаа лигийн хамгаалах чиглэлийн шилдэг тоглогчоор шалгарч, долоон удаа самбараас хамгийн олон бөмбөг авсан сагсан бөмбөгч болж байлаа. Хэр баргийн сагсан бөмбөгч ингэж чадахгүй. Тэгэхээр Родман та ингэхэд яг хэн юм бэ гэж дахиад нэг асууя.  

НЬЮ-ЖЕРСИ ХОТЫН МУУ ХҮҮ

Родманы намтар сонин содон биш. Бараг л Үнсгэлжингийн үлгэр шиг улиг болсон гэхэд болно.

1961 оны тавдугаар сарын 13-нд Нью-Жерсигийн бяцхан Трентон хотод, ядуу зүдүү гэр бүлд төрсөн. Аав нь Вьетнамын дайнд оролцож явсан нисэгч бөгөөд багад нь гэрбүлээ хаяад явжээ. Деннис сайн сурагч байсангүй, тааралдсан ажлаа хийж мөнгө олох хүсэлтэй. Сагсан бөмбөг ч шимтээд тоглоод байсангүй. Намхан нуруутай атигар хүү байсан тул хэн ч түүнийг ирээдүйд од болно гэж таамагласангүй. Гэвч эцэст нь байрныхаа гадаа цаг өнгөрөөхийн тулд сурсан сагсан бөмбөг нь том аз ёндоотой нийлээд түүнийг сагсан бөмбөгт аваад ирсэн түүхтэй. Сагсан бөмбөг тоглож чаддаг гэдгээ тэр анх коллежид харуулжээ. Өсөж өндөр болсноос гадна бас нөгөө аз ёндоо нь тус болсон хэрэг. Түүнээс авьяастай сайн залуус зөндөө байсан ч мэргэжлийн багийн шинжээчид яагаад ч юм түүнийг сонголоо. 1980-аад оны сүүлийн хагасын лигийн шилдэг баг “Детройт”-ын шинжээчид шүү дээ. Ингэж гудамжны хулиган хүү сагсан бөмбөгийн од болох замдаа орсон юм. Үнсгэлжингийн үлгэр Нугасны муухай дэгдээхэйн түүх болон хувирсан, гэхдээ тэр үе үе Үнсгэлжин болон эргэн хувирч байлаа.
 


ТАВАН УДАА ТҮРҮҮЛСЭН Ч СЭТГЭЛ ХАНАХГҮЙ

НБА-д тэр таван баг (Детройт, Сан-Антонио, Чикаго, Лейкерс, Даллас) сольж, таван удаа аварга болж, хувийн хэд хэдэн рекорд амжилт тогтоож, хамгийн гол нь хэний ч давтаж үл чадах өнгө аястай тоглолтоороо олон хүний ой санаанд үлдсэн. Самбар доорх харгис ширүүн тоглолт, авсан оноо, аваргын цом түүнд хангалтгүй байлаа. Сагсан бөмбөг хэмээх агуу спортод энэ бүхэн дутуу мэт санагдаж байв. Хожиж хожигдоод байх гол биш талбай дээр үзэгчдийг урхидах увдист уур амьсгал байх ёстой. Ингээд тэр хөлөөсөө толгой хүртлээ шивээс хийлгэж, ээмэг бөгж зүүн, тоглолт болгонд өөр өнгийн үстэй гарч эхлэв. Спортын амжилтаас нь илүү гадаад төрхийг нь шүтсэн фэнүүд ч олон гарч ирлээ. Жорданыг нэг ч гэсэн зүйлээр давахад боллоо.
 


Родманы амьдралын хэв маяг лигийн сагсан бөмбөгчдийн хэм хэмжээнээс хэдийн хальжээ. Тэрбээр нэг удаа “Энэ бизнест бүгд л тоглогч биднийг ашигладаг. Зарим залуус сүнсээ мөнгөөр худалдаж байна. НБА лигийн удирдлага муу зүйл хийдэггүй, томоотой, нэгэн хэвийн хүмүүс сагсан бөмбөг тоглож байхыг хүсдэг. Харин би тэгж чадахгүй, хүсэх ч үгүй” гэж хэлж байлаа.

“Бүгдээс муу залуу байхыг хүсэж байна” Энэ бол түүний намтар номын нэр, мөн түүний уриа. 1996 онд хэвлэгдсэн энэ ном АНУ-д бестселлер болж, кино болон тавигдсан. Энэ кинонд Родманы амьдрал тэр чигээрээ багтсан. Зохиолчийнхоо нэгэн адил эсэргүү, эрээ цээргүй бүтээл байлаа. Магадгүй 35 настай эр нэг ёсны нүглээ наманчилсан хэрэг ч байж болох.

Намтар номын гол хэсэг нь Родман өөрийн хувиралт, өөрчлөлтийг бичсэн хэсэг. Гэр бүл салсны дараа эхнэр нь таван настай охинтой нь уулзуулахгүй байлаа. Ганцаардан уйтгарлаж, үе үе амиа хорлох бодол орж ирнэ. Энэ үед Родман дотроо хуучин “Родманыг алж”, шинээр төрсөн гэдгээ бичжээ. Шинээр гэдэг нь дэлхий дахин мэддэг эрээ цээргүй Родман гэсэн үг юм.

“Миний амьдрал цирк. Би жилд 365 хоног солиордог. Би юуг ч төлөвлөдөггүй, чөтгөр шулам ч намайг дараа юу хийхийг мэддэггүй”

Үнэхээр тийм байлаа. Сагсан бөмбөгийн талбайгаас гаднах Родманы амьдрал шүтэн бишрэгчдэд нь уйдах зав олгохгүй байв. Мэргэжлийн бөхөд хүч сорьж, алдарт Халк Хогантай “зодолдлоо”.  Шүүгчтэй маргалдаж, үзэгчид рүү ус цацлаа. Нэг үгээр хэлэхэд шоучин болохоор төрснөө харуулж байв. Үндсэн ажил болох сагсан бөмбөгөөсөө уйдсан мэт л. Телевизийн ямар ч шоунд орсон үзэгчдийг хөгжөөн, цэнгээж чадна. Кино урлагт ч тэр амжилт олсон. Микки Рурк, Жан-Клод Ван Дамм гэсэн тэр үеийн ододтой цуг том найруулагчдын кинонд дүрээ мөнхөлсөн.
 


Дуучин Мадоннатай удаан биш ч учир ургуулж, Playboy сэтгүүлд нүцгэн зураг авхуулж, жүжигчин, Кармен Электратай гэрлээд гурван сарын дараа салсан гээд дурдаад байвал сонины нүүр хүрэхгүй. Үргэлжийн мөнхийн архи дарс, үдэшлэг, хүлээн авалтыг нь дурдахаа больё.

ЗОДОГ ТАЙЛСНЫ ДАРАА

Родман 2006 онд 45 настайдаа зодог тайлсан. Харин мэргэжлийн сагсан бөмбөгөөс 2000 онд явсан гэж хэлэхэд болно. “Даллас” багт нэг жил тоглоод тэр АНУ-ын сонирхогчдын багт очиж, Финландын “Торпан Поят”, Английн “Брайтон” багт тоглож байлаа. Европт ч тэр амьдралын зарчмаасаа ухраагүй, шуугиулсаар, шүтүүлсээр байсан.

Родман MTV-д “Деннис Родмантай цуг дэлхийг тойрсон аялал”  гэсэн нэвтрүүлэгтэй байлаа. Түүнтэй хамт “дэлхийг тойрохоор” дэлхийн өнцөг булан бүрээс сая сая хүн үзэж байв. Кинонд ч тоглож, ном ч бичдэг боллоо. 2013 онд “Деннис зэрлэг бух” нэртэй хүүхдийн үлгэрийн ном бичлээ. Үлгэрт гарах зэрлэг бух нь улаан сахалтай, хамартаа ээмэгтэй, шивээстэй, нэг үгээр хэлэхэд Родман өөрөө байв.
 


Сагсан бөмбөгийн ертөнцийн хамгийн муу залуу, эмэгтэйчүүдийн зүрх сэтгэлийг эзэмдэгч, хэрүүлч Родман одоо дөрөв дэх удаагаа гэрлээд амар сайхан амьдарч байна. Магадгүй тэд тус тусдаа амьдардаг болохоор аз жаргалтай байж ч болох юм. Хувийн амьдралынх нь талаар асуусан хүн болгонд тэр “Би дэлхийн хамгийн шилдэг нууц амраг” гэж хариулдаг. Түүнийг хэр амраг болохыг өөрийнх нь хэлснээр мянга гаруй эмэгтэй өөрийн туршлага дээр үндэслэн, баталж чадах гэнэ. Харин өнөөдөр 59 нас хүрч байгаа Родман энэ тоог 80 насныхаа ой дээр хоёр дахин нэмнэ гэдгээ амласан юм. 2000 болгож чадах эсэх нь тодорхойгүй ч Родман амьдралынхаа эцсийн өдөр хүртэл олны анхаарал дунд байна гэдэг нь дэндүү баталгаатай. Тэр эмэгтэй даашинз өмсөхөөс ичдэггүй, уруулаа будаж, үсээ ургуулдаг. Гэхдээ экологийн төлөө тэмцэж, амьтны эрхийг хамгаалж, хүүхдийн сүү сурталчилна. Төрсөн өдрөөрөө алдартай рок хамтлаг дуудаж, Хойд Солонгосын удирдагч Ким Жон Унтай нөхөрлөнө.  Хэзээ нэгэн цагт НБА-д эргэн ирнэ гэж хэлэхийг нь сонсоод 59 нас хүрч байгааг нь мэдэж байлаа ч бид итгэнэ. Ийм л хүн дээ РОДМАН.

Түүнийг Жордантай харьцуулах гэж оролдох хэрэг байхгүй. Мөн Родман гэж яг хэн бэ гэдгийг ч тодорхойлох гээд хэрэггүй. Родман бол сагсан бөмбөгч, жүжигчин, зохиолч, бөх, шоумен. Хэн ч байж болно. Сагсан бөмбөгийн Алдрын танхим дахь түүний байрыг хэн ч булаацалдахгүй. Деннис Родман бол дэлхийн сагсан бөмбөгийн бүхэл бүтэн нэг үеийн амьд бэлгэ тэмдэг билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top