Бүх цаг үеийн шилдэг 10 жүдоч

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 13

Францын “AllJudo” цахим сэтгүүлээс гаргасан “Хүн төрөлхтний түүхэн дэх хамгийн шилдэг 10 жүдо бөхийн жагсаалт” болон танилцуулгыг толилуулж байна.

10. Хитоши Сайто - Япон

Японы домог болсон энэ бөх 2015 онд насан өөд болсон. Хэдийгээр Сайто насан туршдаа дэлхийн агуу жүдочдын нэг Ясүхиро Ямашитатай өрсөлдөхөөс өөр аргагүй байсан ч түүний агуу замнал бөх сонирхогчдын ой тойнд мөнхрөн үлдсэн юм. Ийм хүчтэй өрсөлдөгчтэй ч гэсэн Сайто Лос-Анжелес, Сөүлийн олимпод дараалан түрүүлж чадсан билээ. 

9. Виллем "Вим" Рюска - Голланд

Виллем жүдогийн эх орон Японоос өөр оронд төрсөн анхны домогт жүдочдын нэг. Рюска нэг олимпийн наадамд хоёр алтан медаль хүртсэн цорын ганц жүдоч. 1972 оны Мюнхенд тэр +95 кг болон үнэмлэхүй жинд түрүүлсэн юм. Одоо үнэмлэхүй жингийн барилдаан явагдахгүй болсон тул түүний энэ рекорд үүрд мөнх эвдэгдэхгүй үлдэнэ.

8. Илиас Илиадис - Грек

Бүх цаг үеийн шилдэг жүдочдын жагсаалтад Япон, Голланд, Францаас өөр орны ганц бөх байгаа нь Илиадис. Гүржид төрсөн Жаржи Звиадаури хэмээх хөвгүүн Грект шилжиж, нэрээ сольсноосоо хойш том амжилтуудаа гаргасан. 2004 онд 17 настайдаа олимпын аварга болсон нь гайхамшигтай амжилт. Шинэчилж эвдэх бөх гарахгүй биз ээ.

7. Исао Окано - Япон

1944 онд төрсөн Окано 1960-аад оны үед 80 кг-ын жинд хаанчилж байлаа. Тэр Токиогийн олимпын наадам, ДАШТ-д түрүүлснийхээ дараа 1967, 1969 онд Японы УАШТ-ий үнэмлэхүй жинд түрүүлсэн. Окано одоо болтол УАШТ-ий үнэмлэхүй жинд түрүүлсэн хамгийн хөнгөн бөхөөр нэрлэгддэг.

6. Давид Дуйе - Франц

Францын хүнд жингийн супер бөх Дуйе олимпын 2, ДАШТ-ий 4 алтан медалийнхаа ачаар түүхэн дэх хамгийн хүчирхэг аваргын нэгт зүй ёсоор тооцогддог. Түүний замналд хүнд гэмтэл бэртэл маш олон байсан ч Дуйе тухай бүрд нь эргэн ирж, илүү гэдгээ харуулж байлаа.

5. Антон Геесинк - Голланд

Япон жүдочдыг ялж болно гэдгийг анх харуулсан бөх. Хамгийн анхны гадаадын дэлхийн аварга болсон тэрбээр жүдо бөх олимпын хөтөлбөрт багтсан анхны наадам болох Токиогийн олимпод ч түрүүлж, энэ спортыг даяарчлагдах замыг нээсэн юм. Зодог тайлаад Антон Олон улсын жүдогийн холбоонд ажилладаг болсон. 1986 онд хөх жүдогиг түүний санаачилгаар нэвтрүүлсэн гэдгийг мэддэг хүн цөөхөн байх.

4. Тадахиро Номүра - Япон

Номүра гайхамшигтай амжилтаасаа гадна Японоос төрсөн хөнгөн жингийн домог гэдгээрээ алдартай. Японы ихэнх алдарт жүдочид хүнд жингийн аваргууд байлаа. Олимпын наадамд 3 дараалан түрүүлсэн эрэгтэй жүдоч одоогоор түүнээс өөр байхгүй хэвээр.

3. Тедди Ринер - Франц

31 настай Ринер дэлхийн 11, олимпын хошой аварга болж амжсан. Жүдогийн түүхэн дэх олон рекорд амжилтыг эвдсэн, цаашдаа ч шинэчлэн тогтоох болно.  

2. Ясүхиро Ямашита - Япон

Ясүхирог ямар агуу бөх болохыг мэдэхийг хүсвэл хэдэн тоо баримт танилцуулъя. 1977 оны 10 дугаар сараас зодог тайлах 1985 оны дөрөвдүгээр сар хүртэл тэр 203 барилдаан хийсэн. Ямашита нэг ч ялагдаагүй гээд бод. Тэр дэлхий, олимпын аварга. Лос-Анжелесийн олимпод өвдгөө гэмтээгээд бараг нэг хөлтэй тэмцэлдсээр түрүүлж байсан түүхтэй. Мөн гадаад бөхөд ялагдаж үзээгүй зодог тайлсан юм.

1. Жигоро Кано - Япон

Жүдог үүсгэсэн хүн түүхэн дэх шилдэг жүдоч болохгүй бол алдас болно. Агуу сэнсэй Каногийн ачаар л бид жүдо хэмээх гайхамшигтай спортоор хичээллэж, таашаал авч байгаагаа санаж явах ёстой.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Уука(66.181.161.111) 2021 оны 02 сарын 06

Рико тани яагд бхгүү бган бэ дашт 7 алт олимпийн 2алт 2 мөнгө 1 хүрэл эмэгтэй жүдочдийн шүтээн бусуу

0  |  0
Top