Олимпын аварга, дэлхийн хошой аварга Таха Акгулийн шинэ ярилцлага Туркийн бөхийн холбооны цахим хуудсанд байршжээ. Таха бөх сонирхогчдын асуултад хариулсан байна.
-Өнгөрсөн жилийн сүүлээр та мөрний гэмтлээр мэс засалд орсон. Одоо биеийн байдал хэр байна?
-Бие бага багаар сайжирч байгаа. Бүрэн сэргэх замынхаа талыг нь туулсан гэж хэлэхэд болно. Токиогийн олимпыг хойшлуулаагүй бол энэ жил олимпод оролцохоос өөр аргагүй болох байлаа. Одоо ч мөр өвдөж, гэмтэл бүрэн эдгээгүй байна. Гэртээ бага зэрэг биеэ хөдөлгөдөг. Гүйх гэж оролдсон ч болохгүй байна. Ингээд гэрийнхээ зааланд мөрний булчин чангалах, форм хадгалах тусгай дасгал хийсэн нь дээр юм байна гэдгийг ойлгосон.
-Хэзээнээс бүрэн бэлтгэлд орох вэ?
-Тодорхой мэдэхгүй байна. Эрдэмтдийн санал, зөвлөгөөг дагана. Тэд боллоо гэж хэлэнгүүт шууд бэлтгэлдээ орох юм.
-Хүнд гэмтэл таны олимпын амжилтад сөрөг нөлөө үзүүлэх нь гэж түгшиж байв уу?
-Гэмтэл авсан тэр мөчөөс эхлээд л намайг маш олон хүн сэтгэлээр дэмжсэн. Энэ хүнд үеийг тэдний ачаар даван туулсан. Ерөнхийлөгч Режеп Тайип Эрдоан утсаар ярьж, бас дэмжлэгийн сайхан үгс хэлсэн. Спортын сайд Мехмет Касапоглу, Бөхийн холбооны тэргүүн Муса Айдын нар байнга холбоотой байдаг. Бүгдэд нь баярлалаа.
-Дахин барилдаж чадахгүй нь гэсэн бодол төрөөгүй юу?
-Ёстой бодоогүй. Бурхан бидэнд эрүүл мэнд, хүч чадал хайрлахаас гадна олон туршилт сорилтод оруулдаг. Би энэ гэмтлээ даван туулах ёстой сорилт гэж үзсэн. Хэрэв гэмтэл зодог тайлахад хүргэлээ ч гуниглаж, сэтгэлээр унахгүй байсан. Бүх юмыг Бурхан л шийднэ. Яаж ч шийдсэн би талархах л болно.
-Одоо сэтгэл санаа ямар байна?
-Токиогийн олимп хойшлогдсоныг дуулаад л шууд сэтгэл санаа дээшилсэн шүү. Хэрэв хойшлогдоогүй бол би өдийд гэмтэл эдгээгүй мөртөө олимпод орохоор бэлтгэж байх байлаа. Олимпод амжилттай оролцож чадахгүй байх байсан. Харин олимп нэг жилээр хойшлогдсоноор би цаг хожиж чадсан. Одоо яарах хэрэг байхгүй болсон. Бүрэн эдгэсэн хойноо л барилдаж эхэлнэ.
-Та кыркпынар буюу үндэсний тосон бөхөд хүч сорино гэж ярьж байсан. Хэзээ?
-Токиогийн олимпод яаж оролцохоос их юм шалтгаална. Амжилтгүй байх юм бол ирэх жил тосон бөхөд орно. Харин олимпын аварга болчих юм бол 2024 оны Парисын олимпдоо бэлтгэж эхэлнэ.
-Хөл хорионы үед гэртээ байнга байх нь сэтгэл зүйд муугаар нөлөөлж байна гэж олон хүн хэлж байна. Таны хувьд?
-Би угаасаа гэртээ суух дуртай хүн. Хөл хорио байхгүй байсан ч гэртээ л байж байдаг. Гэр бүлийнхэнтэйгээ хамт байхад сайхан байдаг. Цэцэрлэгтээ газар ухаад л ажиллана. Уйдах завгүй. Цар тахал сэтгэл их түгшээж байгаа. Хэн ч тусч болох тул урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах хэрэгтэй.
-Чөлөөт цагаараа өөр юу хийж байна вэ?
-Англи хэл сурч байна. Бичлэг үзээд шинэ үгээ цээжилж, орчуулга хийнэ. PlayStation-ээр хөлбөмбөг тоглоно. Олон нийтийн сүлжээнд орж, заримдаа кино үздэг. Телевиз бараг үздэггүй, хааяа мэдээ л хардаг.
Сэтгэгдэл ( 0 )