Монголын Боксын Холбооноос холбоондоо албан ёсны бүртгэлтэй 62 клубээс өнөөдрийн байдлаар үйл ажиллагаа идэвхтэй явуулж буй 57 клубийг амжилтаар нь эрэмбэлэн Герман улсын “Топ Тен” брэндийн (Aiba, Олон улсын боксын холбоо) боксын хэрэглэл материалыг Улаанбаатарын 29 клуб, хөдөө орон нутгийн 28 клубт олголоо.
Гэр бүлийн хамтаар тусгаарлалтад байгаа МБХ-ны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ “Монгол улсад боксын спортыг хөгжүүлэхийн төлөө хоёргүй сэтгэлээр ажиллаж буй нийт боксынхоо хамт олонд энэ өдрийн мэнд хүргэе, Дал гаран жилийн түүхтэй Тив, Дэлхий, Олимпын аваргатай, МҮОХ-д бүртгэлтэй 70 гаран спорт холбоод дотроос ТОП 4 спорт холбооны нэгийг нь удирдаж байгаа нь миний хувьд нэр төрийн хэрэг юм. “ТОКИО-2020” Олимпын наадам хойшилсныг бид тамирчдаа илүү сайн бэлдэх боломж болгох хэрэгтэй. Дэлхий нийтэд хурдацтай тархаж буй “COVID-19” буюу коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх, ард иргэдийг хамгаалах ариун үйлсэд зориулсан “Хандивын аян”-ыг дэмжин Боксын үндэсний шигшээ багийн дасгалжуулагч, тамирчид нэг өдрийн цалин, Хамгаалалтын цагаан хувцас 100 ширхэг, Амны хаалт 1000 ширхгийг тус тус хүн амын эрүүл мэндийн төлөө хандивласан нь манай боксынхны сэтгэл байлаа” гэж мэдээллээ.
Сэтгэгдэл ( 0 )