Трой Дини: Премьер лиг эхэлсэн ч би тоглохгүй

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 21

Английн хөлбөмбөгийн Премьер лигийн багууд санал нэгтэйгээр ирэх сараас лигийн тоглолтоо дахин эхлүүлэхээр шийдвэрлэлээ. Тамирчид энэ сарын 20-ноос эхлэн бэлтгэлд гарсан ч ногоон талбайдаа эргэн гарахыг хүсэхгүй байгаа тоглогч ч бас байна.

“Уотфорд” багийн ахлагч Трой Дини тэдний нэг. Учир нь сүүлийн 24 цагт тус багийн нэг тоглогч, хоёр ажилтан коронавирусний халдвар авсан нь тогтоогдсон юм.

Дини “Өглөөний мэнд. Их Британи” телевизийн нэвтрүүлэгт орохдоо Английн лигийн удирдлагыг хатуу шүүмжиллээ. Юуны өмнө коронавирусний халдварын тоо баримтаас үзэхэд өнгөт арьстан, азичууд бусад хүмүүсээс дөрөв дахин илүү халдварын эрсдэлтэй нь тогтоогдсон гэдгийг дурдаад өнгөт арьстнуудыг яаж хамгаалах талаар ямар ч төлөвлөгөө алга гэж хэллээ. Мөн бэлтгэл, тоглолт дээр тамирчид халдвар авах магадлал байсаар байгааг шүүмжилсэн юм.

Трой Дини “Би багтаа очихгүй, лиг эхэлсэн ч тоглохгүй. Миний таван сартай хүү амьсгалын хүндрэлтэй төрсөн. Хэрэв би бэлтгэл дээр халдвар авчихвал нялх хүүдээ өвчин халдаах болно. Би хөлбөмбөг тоглохыг үнэн сэтгэлээсээ хүсэж байна, энэ бол миний ажил. Гэхдээ ажлаасаа болоод төрсөн хүүхдээ эрсдэлд оруулахыг хүсэхгүй байна. Би аав, өвөө, эмээгээ алдсан. Надад мөнгө төгрөгөөс илүү гэрбүл чухал” гэж хэлсэн юм.

Трой Дини “Уотфорд” багт 10 жил үнэнч зүтгэж, 100 гаруй гоол оруулсан хүн. Түүнийг 11 настайд аав, ээж нь салсан  тул хагацал гэж юу болохыг сайн мэднэ. Хүүхдүүдээ тэжээх гэж ээж нь гурван ажил зэрэг хийдэг байсан бол Дини 16 настайгаасаа чулууны үйлдвэрт ажиллаж байлаа. Динид хүүхэд нас гэж байгаагүй. Тийм болохоор хүүгээ хүүхэд насаа аз жаргалтай сайхан өнгөрөөгөөсэй гэж хүсэж байгаа нь ойлгомжтой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top