Болгарын шигшээ баг хоёр сарын хөл хорионы дараа хамтарсан бэлтгэлд гарлаа. Эрэгтэй, эмэгтэй чөлөөт, сонгомол барилдааны гурван баг Бельмекен дэх Спортын цогцолборт цугларалт хийж байгаа юм.
Энэ үеэр Софид Болгарын бөхийн холбооны хурал боллоо. Хурлын танхимыг халдваргүйжүүлэн ариутгаж, бүгд масктай оролцсон байна.
Хуралд Болгарын ҮОХ-ны тэргүүн, Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Хууль зүйн хорооны гишүүн Бельчо Горанов оролцож, сүүлийн үеийн байдлын талаар мэдээлэл хийлээ.
Бельчо Горанов “Ирэх зургаадугаар сарын 30-нд Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны Гүйцэтгэл зөвлөлийн хуралтай. Тэр хурлаар тэмцээн уралдаанаа эхлэх тов гарах юм. Ер нь гурван хувилбар яригдаж байгаа. Хамгийн өөдрөг хувилбараар бол тэмцээнүүд наймдугаар сараас эхлэх юм. Хамгийн гутранги хувилбар энэ жилдээ ямар ч тэмцээн уралдаан зохион байгуулахгүй. Мөн 9-10 сард эхлэх талаар ярилцсан. Гэхдээ мэдээж коронавирусний халдварын цар хүрээнээс хамаарна” гэж мэдэгдсэн байна.
Болгарт гуравдугаар сарын 13-нд хөл хорио тогтоосон. Тавдугаар сарын 14-нөөс хөл хорионы дэглэмийг зөөллөж, зургаадугаар сарын 14 хүртэл сунгасан билээ.
Одоогийн байдлаар тус улсад 2331 тохиолдол илэрч, 120 хүн нас бараад байгаа юм.
Сэтгэгдэл ( 0 )