Алдарт Абдулрашид Садулаев коронавирусний халдвар авчээ

Автор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 25

ОХУ-ын Дагестаны алдарт бөх, олимпын аварга, дэлхийн 4 удаагийн аварга Абдулрашид Садулаев коронавирусний халдвар авснаа олон нийтийн сүлжээгээр зарлалаа.

ОХУ-д тус өвчний халдвар эрчтэй тархаж байгаагийн дотор Дагестанд байдал тун хүнд байгаа. Дагестанд коронавирусийн аюулыг анх огт тоохгүй байсан гэдэг. Хаврын улиралд хурим найр маш их болж, дагестанчууд өргөнөөр тэмдэглэж байсан юм. Ихэнх тосгон суурин газар өндөр ууланд байдаг нь ч өвчний тархалтыг зогсооход саад учруулсан. Уулын Дагестан оронд цэвэр агаарт ямар ч вирус тархахгүй гэж холимог тулаанч Хабибийн аав ярьж байсан. Харин одоо тэр өөрөө эмнэлэгт хүнд байдалд байгаа билээ.

Абдулрашид Садулаев нутгийн олондоо хандан, эмч нарын зөвлөгөөг дагахыг уриаллаа.

Садулаев “Нутгийн олны нэгэн адил би анх коронавирусийг огт тоохгүй байснаа хүлээн зөвшөөрч байна. Бид энэ аюулыг үл ойшоосон. Яг дэргэд халдвар тархаад эхлэхэд ойлгосон ч хоцорсон байлаа. Би ч энэ өвчний халдвар авсан. Хамаатан садан дунд маань ч халдвартай хүн болон байна. Олон танил минь энэ өвчнөөр нас барлаа. Та бүхэнд өөрөөсөө гадна ойр дотнын хүмүүсээ хайрлаж хамгаалахын тулд гэр гэр тээ байхыг уриалж байна. Ялангуяа ахмад хүмүүсээ хамгаалах ёстой. Архаг өвчтэй хүмүүс амиа алдаж байна. Гэртээ хөл хорионд гурван сар суух амаргүйг ойлгож байна. Гэхдээ тэсэж, тэвчиж байж л бид энэ өвчнийг даван гарна. Өөр арга байхгүй” гэж хэлсэн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top