Жоан Роулинг хүүхдүүдэд зориулан шинэ ном гаргана

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 05 сарын 27

Их Британийн зохиолч Жоан Роулинг энэ оны арваннэгдүгээр сард хүүхдүүдэд зориулан “Икабог /The Ickabog /” нэртэй ном гаргахаа твиттерээр дамжуулан мэдээлжээ. Тэрбээр энэ номыг 10 жилийн өмнө бичиж байсан бөгөөд алдарт “Харри Потер” болон бусад бүтээлтэй нь холбоогүй хэмээн тодруулжээ.

Энэхүү үлгэрийг нийтлүүлэхийг үргэлж хүсдэг байсан тухай тэрбээр жиргээд “Харри Потер”-ийн сүүлийн ботийг бичсэнийхээ дараа насанд хүрэгчдэд зориулан бичсэн хоёр туужаа өмнө нь хэвлүүлэхээр шийдсэн гэжээ. Өнөөг хүртэл “Икабог”-ийн талаар зөвхөн түүний бага хүүхдүүд л сонсож байсан гэж зохиолч эмэгтэй өгүүлжээ. Ролиунгийн хэлснээр, намар хүртэл туужийн бүлгүүдийг сайтад долоо хоног бүр үнэгүй байршуулах гэнэ. Ингэснээр, хөл хорионд ороод буй хүүхдүүд, эцэг эхийн хамтаар цагийг сонирхолтой өнгөрүүлнэ гэж тэрбээр найдаж буйгаа илэрхийлжээ. Эхний хоёр бүлгийг интернет хэрэглэгчдийн хүртээл болгоод байна. Цаашид үлгэрийг ном болгон хэвлүүлж, аудио буюу сонсдог ном гаргах аж. Энэ зохиол нь үнэн болон эрх мэдлээ урвуулан ашиглаж буй тухай гардаг гэнэ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top