Лондон хотын төвд Харри Потерын хөшөө босгожээ

Я.Болор | Zindaa.mn
2020 оны 10 сарын 01


Британийн зохиолч Жоан Роулингийн алдарт зохиолын баатар, шидтэн Харри Потерын хөшөөг Лондон хотын Лестер талбайд нээжээ.

Хөшөөг Поттерын дүрд тоглосон жүжигчин Дэниел Рэдклиффын дүрээр шүүр унасан байдлаар дүрсэлсэн байна. Ингэснээр Лестер талбайд алдартай кино зохиолын баатруудын эгнээ нэгээр нэмэгдэж, нийт ес болоод байна. Хүрэл Потерын хажууханд нь байрлах Мэри Поппинс, Мистер Бин, Бэтмэн, Паддингтон баавгай зэрэгтэй гэрэл зургаа татуулах боломжтой.

Хөшөөг 11 настай Потерын дүрийг бүтээсэн Рэдклиффын төрхөөр бүтээжээ. Шидтэн хүү квиддич тоглоомын дүрэм хувцас өмсөж, үнэнч Нимбус-2000 хөлөглөсөн байдлаар дүрслэгджээ. Хөшөөг тогтоосон цорын ганц төмөр баганыг ногоон бутаар далдалсан тул Потер агаарт дүүлэн нисэж буй мэт сэтгэгдэл төрүүлэх гэнэ.

Харри Потерын тухай долоон тууж зохиолчоо дэлхий дахинд нэр алдартай нэгэн болгосон. 80 гаруй хэлээр хэвлэгдсэн энэхүү бүтээл 500 сая гаруй хувиар борлогдож, энэ зохиолоор сэдэвлэсэн найман кино бүтээжээ.
 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top