Такадагава: Анхны шавиа алдсандаа маш их харамсаж байна  

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 02

Шинэ төрлийн коронавирусний халдвараар тавдугаар сарын 13-нд 28 настайдаа амиа алдсан сүмоч Шёобүшигийн багш Такадагава ояката Сүмо бөхийн холбоогоор дамжуулан, хэвлэлийнхэнд хандлаа. Ояката өөрөө мөн халдвар авсан ч эдгэрээд ажилдаа ороод байгаа юм.

“Коронавирусний халдвар авсан ч эмч нарын ачаар эдгэрээд байна. Харин харамсалтай нь нэг гэрбүлийн гишүүн гэж хэлж болохоор шавиа энэ өвчнөөр алдлаа. Эмнэлгүүд маш ачаалалтай ажиллаж байсан яг тэр үед халдвар авсан ч холбооноос хурдан шуурхай хандан, хүндрэхээс нь өмнө эмнэлэгт хэвтүүлж чадсан учир эдгэрээд гарч ирнэ гэж итгэж найдаж байлаа. Гэвч бие нь гэнэт муудан, нэг сар гаруй хугацаанд хүнд өвчинтэй тэмцсэний эцэст энэ дэлхийг орхин одлоо. Миний бие сайжрахыг хүлээж байсан юм шиг л явчихлаа. Шёобүши бол миний анхны шавь. Дунд сургуульд байхад нь уулзаж байлаа. “Би оякатагийн анхны шавь нь” гэж хэлдэг байсныг нь хэзээ ч мартахгүй. Үгээр илэрхийлэхийн аргагүй харамсаж байна. Салах ёслол дээр манай дэвжээнийхэн бүгд цаашдаа Шёобүшитэй хамтдаа хөгжин, дэвших болно гэж тангарагласан. Бөхчүүд маань долоодугаар сарын башёд бэлтгэж байна.

Эцэст нь шаргуу хөдөлмөрлөж байгаа эмч нар, сэтгэлийн дэм хайрлаж байсан фэнүүддээ баярлалаа гэж хэлье.

Такадагава”

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top