КОНОР 3 дахь удаагаа зодог тайллаа

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

Орчин үеийн холимог тулааны хамгийн алдартай тамирчин Конор МакГрегор зодог тайлснаа твиттерээр зарлалаа. Тэр сүүлийн 4 жилд гурав дахь удаагаа зодог тайлж байгаа нь энэ юм. Энэ Ням гарагт явагдсан UFC-250 тэмцээний хамаг сонин хачныг Конор ганцхан жиргээгээр нам дарлаа.

Гэхдээ хоёр ч зодог тайлаад тухай бүр эргэн ирж байсан түүний энэ үгэнд итгэх хүн цөөхөн байгаа. UFC-246 тэмцээнд Дональд Серронег нам цохиод хэдхэн секундийн дотор олон саяыг өвөртөлсөн. Дараа нь Бразилын Андерсон Силватай тулалдахаар бараг тохиролцоод байсан. Яагаад тэр зодог тайлах болов?

Конор ингэж тайлбарлажээ.

“Тулаан миний сэтгэлийг хөдөлгөхөө больсон. Өрсөлдөхөөр сонирхолтой тулаанч ч алга. Яагаад UFC Хабиб, Гэтжи хоёрын тулааныг есдүгээр сар хүртэл хойшлуулав? Дахиад нэг явдал тохиолдоход л энэ тулаан цуцлагдах магадлалтай. Холбооноос миний гаргасан санал болгоныг эсэргүүцэж байна. Уг нь Жастин бид хоёр тулалдах ёстой байлаа. Би өнөөдөр UFC-250 тэмцээнийг үзлээ, сонирхол татах юм юу ч алга. Холбоо надад ямар ч сонирхолгүй тулаанууд санал болгож байна. Хангалттай, би явлаа. Андерсон Силватай тулалдах болоод сэтгэл сэргэж эхэлтэл бүгд түүнийг хөгшин, үе нь өнгөрсөн гээд яриад эхэлсэн. Дэвжээнд гараад ялчихад хүмүүс хөгшин хүнийг ялчихлаа гэж хэлэх нь тодорхой. Цаашдаа юу хийх вэ? Ээждээ сайхан байр авч өгнө. Мөрөөдлийнх нь байрыг. 2020 оныг гэр бүлдээ зориулна” гэсэн юм.

Конорын өмнө нь зодог тайлж байсан шалтгаан

• 2016 оны хавар МакГрегор UFC-д анхныхаа ялагдлыг амссан. Нэйт Диаст ялагдсаныхаа дараа тэр “Залуудаа зодог тайлахаар шийдлээ. Баяртай” гэж зарлаж байлаа. Гэвч хоёр хоногийн дараа бодлоо өөрчилж, Диастай хариу тоглолт хийхээр болсон. Ялж чадсан билээ.

• Дараа нь 2019 оны гуравдугаар сард зодог тайлснаа зарласан. Тэр үед Конор UFC холбооны хоёр жингийн аварга болоод, Флойд Мэйвезер, Хабиб Нурмагомедов хоёрт ялагдаад, хоёр хүүхэдтэй болж, Proper Twelve вискигээ нээчхээд байв. Харин түүний UFC холбооны хувьцаанаас эзэмших санал нь бүтсэнгүй. Конор “Би холимог тулаан гэдэг спортоос явж байгаа зарлая” гэж бичиж байв. Энэ удаад тэр ес хоног тэссэн. Ердөө ес хоногийн дараа Конор дахин тулалдана гэж мэдэгдсэн.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top