Хасан Яздани: Ялагдал болгоноосоо сургамж авдаг, дүгнэлт хийдэг

Автор | Zindaa.mn
2020 оны 06 сарын 08

Ираны чөлөөт бөхийн шигшээ багийн тамирчин, олимпын аварга, дэлхийн хошой аварга Хасан Яздани Дэлхийн бөхийн нэгдсэн холбооны сайтад ярилцлага өгчээ.

-Та хэзээнээс барилдаж эхлэв? Яагаад чөлөөт бөхийг сонгов?

-Манай улс, миний төрсөн хот Жуйбарт бүгд бөхөд дуртай. Үндэсний бөх ч өндөр хөгжсөн газар. Мэдээ орсон цагаасаа л бөх үзэх дуртай байсан. 12 настайгаасаа анх барилдаж эхэлсэн.

-Хэнийг шүтэн биширдэг байв?

-Олон хүн байсан болохоор хэн нэгнийг нь онцлоход хэцүү. Таалагддаг аварга болгоноос техникийн нэг шинэ зүйл сурч авахыг эрмэлздэг байлаа. Харин сэтгэл зүй, сэтгэлийн тэнхээний талаар бол Голамреза Тахти миний хувьд үлгэр жишээ.

-Гэмтлээ хэрхэн эдгээж байна? Эсвэл та барилдаад эхэлчихсэн үү?

-Өвдөгний хагалгаанаас хойш хоёр сар өнгөрлөө. Эхний сард нь би эмчилгээндээ л анхаарч, тусгай дасгал хийж байсан. Дараа нь дэвжээн дээр бэлтгэл хийж эхэлсэн. Гэхдээ барилдах болоогүй байгаа. Хөл хорионы үеэр хүчний дасгал их хийсэн.

-Та 66 кг-д барилдаж эхэлсэн. Дараа нь 70, 74 кг-д шилжээд энэ олимпын циклд 86 кг-д орсон. Дахиж жингээ солих уу?

-Жирийн үеийн жингээсээ л шалтгаална. Жин нэмэх болгондоо л би жин ахиж байсан. Өмнө нь би байнга 6-7 кг жин хасдаг байлаа. Харин шинэ дүрмээр ингэх нь хэцүү болсон. Би одоо 89 кг жинтэй.

-2015 оны ДАШТ-ийг эргэн дурсъя. Та финалд Магомедрасул Газимагомедовт ялагдаад мөнгөтэй үлдсэн. Ямар сургамж авсан бэ?

-Ялагдал болгон сургамжтай. Юугаар өрсөлдөгчөөсөө дутуу байснаа ойлгох хэрэгтэй. Сэтгэл зүй юу, техник үү, эсвэл өөр зүйл үү? Ялагдсаныхаа дараа би сул талаа судалж, дүгнэлт гаргадаг. 2015 онд би анх насанд хүрэгчдэд барилдсан болохоор туршлага дутаж, маш их алдаа гаргасан. Алдаан дээр сайн ажилласны дүнд жилийн дараа олимпод амжилттай барилдсан.

-Риогийн олимпын финалд Аниуар Гедуевээс оноо дутуу байсан ч огт сандралгүй барилдаж, алтан медаль авч чадсан. 0-6 онооны зөрүүтэй ялагдаж байхдаа юу бодож байв?

-Ялалтын тухай л бодож байсан. Ялагдана гэсэн бодол ганц хувь ч байгаагүй. Дасгалжуулагч нар маань ч сайн удирдсан. Бурхан болон багш нарынхаа ачаар ялж чадсан.

-Чиний гол өрсөлдөгч бол Дэвид Тейлор. Та хоёр бие биеэ хүндэлдэг. Нэг нь гэмтэхээр нөгөөх нь хурдан эдгээрэй гэж дэмжээд л.

-Би өрсөлдөгч нараа үргэлж хүндэлдэг. Гол өрсөлдөгч байна уу, үгүй юу хамаагүй, бүгдэд нь эрүүл энх, амжилтыг хүсэн ерөөдөг. Өрсөлдөгч сайн байвал бид үзэгчдэд сайхан барилдаан үзүүлж чадна. Бөх гэдэг бол бидний хувьд бусдад зан чанар, өөрийн хүчээ харуулах нэг төрлийн арга хэлбэр юм.

-Та хоёр удаа Тейлорт ялагдсан. Токиогийн олимпод хариугаа авахад бэлэн үү?

-Би энэ ялагдлуудаа сайн судалсан. Токиод шинэ төлөвлөгөөтэй, сэтгэл зүйтэй барилдах болно.

-Танд олон нэр бий. “Агуу Хасан”, “Хаан”, “Аймшиггүй” гээд л. Аль нь хамгийн их таалагддаг вэ?

-Энэ бүх нэрийг зүүж явах эрхтэй гэж найдаж байна. Бүгд л миний хувьд үнэ цэнтэй. Надад ийм нэр хайрласан бөх сонирхогчдод үргэлж талархаж байдаг, итгэлийг нь хариулах сан гэж боддог.

-Чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?

-Надад бөхөөс өөр сонирхол, хобби байхгүй гэдгийг сонсоод та дооглох байх. Үнэндээ би спортоор л амьдардаг. Сүүлийн хоёр сар надад чөлөөт цаг их байлаа. Би гэр бүлийнхэнтэйгээ уул, ойд зугаалсан, сайхан байсан.

-Бөхгүй амьдарна гэж төсөөлөөд үз дээ. Зодог тайлаад юу хийх төлөвлөгөөтэй байна?

-Би одоохондоо энэ талаар бодоогүй байна. Магадгүй цаашдаа бөхтэй холбоотой ажил хийх байх, эсвэл бизнес эрхэлнэ. Одоо миний санхүүгийн ажлыг аав хийдэг. Учир нь би мөнгө төгрөг бодохгүй, бөхдөө л бүрэн төвлөрөх ёстой.

-Дахин хэдэн алтан медаль хүртэх бодолтой байна вэ?

-Аль болох ихийг. Эрүүл л байвал би барилдаад л байна. 2024 оны олимпод оролцоно гэж найдаж байна.

-Иранд таны гол өрсөлдөгч хэн бэ? Камран Гасемпур уу?

-Тиймээ. Мөн Ахмад Базри, дахиад хэд хэдэн залуу бий. Маргааш өөр хэн нэг нь гарч өрсөлдөнө гэдэгт үргэлж бэлтгэлтэй байх хэрэгтэй.

-Фэнүүддээ хандаж, үг хэлээч.

“Надад инстаграм хуудас бий. Ах хөтөлдөг ч би цаг зав гарахаар заавал орж, хүмүүсийн асуултад хариулдаг. Хөгжөөн дэмжигчдийн дэмжлэг надад их чухал. Тэдний ачаар л ялах, түрүүлэх хүч чадалтай болдог.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top